УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган өнөөдөр /2026.09.07/ нээлтээ хийж, 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара өмнөх Засгийн газрын төсвийн бодлого, зарцуулалтыг шүүмжиллээ.
Тэрбээр өнөөгийн төсвийн асуудлыг өмнөх Засгийн газрын гаргасан шийдвэрүүдийн үр дагавар гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
М.Нарантуяа-Нара “Өнөөдрийн асуудал бол яг үнэндээ хүнээ боддоггүй, өөрсдийгөө боддог өмнөх ЗГ-ын нөхдүүдийн хор уршиг, гай балгийг энд хэлэлцээд сууж байгаа. Өнгөрснийг мартах юм бол өнөөдөр ч гэсэн дараагийн алдааг давтана” гэв.
Тэрбээр үргэлжлүүлэн “Өнгөрсөн жилийн өдийд одоо 2024, 2025 оны төсөв хэлэлцэж байх үед 18 тэрбум төгрөгийг хүүхэд залуучуудын соёл боловсролд зарцуулъя гэж байхад ухаан алдаад байж байсан Баян Бажаа гишүүн 2025, 2026 оны 1,4 их наядын алдагдалтай төсвийг ‘ямар хөөрхөн төсөв’ бариад ороод ирэв ээ, их аятайхан төсөв байна шүү дээ гээд сууж байна. Өнөө өглөө чуулганы нээлт дээр ‘маасайтал’ инээгээд байж байсан. Ингээд төсвийн тодотгол хэлэлцэх үеэр байхгүй бантаад алга болсон” хэмээн хэллээ.
Мөн 2026 оны төсвийн ажлын хэсгийг ахалж байсан Н.Ганхуяг болон УИХ-ын гишүүн Д.Энхтүвшиний байр суурийг шүүмжилсэн байна.
Тэрбээр “Өнгөрсөн жилийн өдийд 2026 оны төсвийн ажлын хэсгийг ахалсан Н.Ганхуяг гишүүн улаан, ногоон лаазтай юм өргөөд нийт гишүүдийг уриалан дуудаад байж байсан. Тэр хүн өнөөдөр алга байна. Д.Энхтүвшин гишүүн өнгөрсөн жил 2024, 2025 оны төсвийг үхтлээ шүүмжилж байсан хүн 2026 оны төсвийг бас найр тавиад баталсан. Өнөөдөр болохоор ийм аядуу зөөлөн юм яриад сууж байгаа байхгүй юу” гэв.
М.Нарантуяа-Нара мөн “Энэ бол зөвхөн өөрсдийгөө боддог Занданшатарын Засгийн газрыг авч үлдэхийн тулд 1,4 их наяд төгрөгийг гишүүдийнхээ тойргийг ‘тойглох’ ажилд зарцуулсан шүү дээ” гэж мэдэгдлээ.
