HLTV порталаас есдүгээр сарын 14-ний өдрийн байдлаарх CS2 төрлийн дэлхийн шилдэг багуудын шинэчилсэн чансааг нийтэллээ. Энэ удаагийн жагсаалтад Ази тивийн төлөөлөл Монголын “The MongolZ” баг нэг байр ухарч, 15 дугаар байрт бичигдсэн байна. Манай багийн хувьд ирэх аравдугаар сард болох “PGL Masters Bucharest 2026” тэмцээнд өрсөлдөн чансаагаа буцаан ахиулах хариуцлагатай сорилт хүлээж байгаа юм.
Шинэчилсэн чансааны хүснэгтийг Spirit баг 1000 оноотойгоор итгэл төгс тэргүүлсэн хэвээр байгаа бөгөөд Хятадад болсон тэмцээнүүдийн үр дүн жагсаалтад үлэмж нөлөөлжээ. Топ багуудын эрэмбэд хөдөлгөөн орсноос гадна дунд шатны зарим багууд байр сууриа дорвитой ахиулж чадсан байна.
Дэлхийн чансааны топ-10 болон онцлох багуудын өөрчлөлт:
- Тэргүүлэгч багууд: Spirit (1000 оноо), Falcons (588 оноо), MOUZ (538 оноо) нар эхний гурван байраа хадгалж үлдсэн.
- Топ-10 дахь хөдөлгөөн: FURIA (4-р байр) болон Legacy (6-р байр) нар байр ахисан бол Vitality (5-р байр), FUT (7-р байр), G2 (8-р байр) нар нэг байраар ухарч, Aurora болон Natus Vincere нар топ-10-ыг жагсаав.
- Legacy ба MIBR: Хятадад болсон “FISSURE Playground 3” тэмцээнд түрүүлсэн Legacy 6 дугаар байр руу ахисан бол тус тэмцээнд 3–4-р байр эзэлсэн MIBR 10 байр ахиж 18-д бичигдэв.
- Alliance ба 5star: Alliance баг 29 байр огцом ахиж 21 дүгээр байрт хүрсэн бол The MongolZ болон Astralis-ийг хожин сенсаци тарьсан 5star баг чансаанд 94 байр ахиж, 33 дугаар байрт оржээ.
Тэмцээний үр дүнгээс хамааран дэлхийн багуудын эрэмбэ ийнхүү өөрчлөгдсөн бөгөөд “The MongolZ” баг дараагийн томоохон тэмцээнүүдэд тоглолтоо бататган чансаагаа нөхөх бүрэн боломжтой. Багийг аравдугаар сард 1xBet-ийн дэмжлэгтэй PGL Masters Bucharest 2026 тэмцээн хүлээж байгаа юм.
