Дэлхийн технологийн салбарын хамгийн өндөр цалинтай ажилтан, “Meta” компанийн хиймэл оюун ухааны (AI) судлаач Эндрю Таллак (Andrew Tallack) тус компанийг орхихоор болжээ. Энэ тухай “The Wall Street Journal” (WSJ) хэвлэл эх сурвалжуудаас эш татан мэдээллээ. Түүний дараагийн ажиллах газар нь “Anthropic” компани болох аж.
Таллак нь нэг орчим жилийн өмнө Марк Цукербергтэй биечлэн тохиролцож, 6 жилийн хугацаанд 1.5 тэрбум ам.долларын цалин урамшуулал авахаар “Meta”-д нэгдэж байснаараа дэлхий нийтэд алдаршсан юм. Энэ нь технологийн салбарын хөлсний ажилтны хувьд түүхэн дэх хамгийн өндөр дүнд тооцогдож байв. Тэрээр “Meta” корпорацид хиймэл оюун ухааны судалгааг ахлан ажиллаж байжээ.
Явах болсон шалтгаан ба шинэ төслүүд
Эндрю Таллак тус компанийг орхих болсон тодорхой шалтгааныг мэдээлээгүй байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр тэрээр одоогийн ажлаа хэдийнээ орхихоор төлөвлөж байсан ч компанийн нээлттэй эх код бүхий хиймэл оюун ухааны шинэ загвар болон “Muse” AI туслахыг албан ёсоор зах зээлд гаргах хүртэл хүлээсэн аж.
Одоогоор энэхүү шийдвэрийн талаар Таллак өөрөө болон Марк Цукербергийн “Meta”, мөн “Anthropic” компаниудын аль нь ч албан ёсны тайлбар, сэтгэгдэл өгөөгүй байна.
