Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ жил ирэх бүр нэмэгдэж, 2025 оны байдлаар 12.6 тэрбум кВт.ц-т хүрсэн нь өмнөх оноос 8.6 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Нийт хэрэглээний 60 гаруй хувийг Улаанбаатар хот дангаараа хэрэглэж байгаа бөгөөд дотоодын эх үүсвэрийн хүрэлцээ хангалтгүй хэвээр байна.
Эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг нөхөх зорилгоор 2024 онд Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд бонд арилжаалсан. Үүний хүрээнд нийт 300 МВт хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станц, 50 МВт хүчин чадалтай Багануурын батарей хуримтлуурын станцыг жил дараалан ашиглалтад оруулжээ.
Харин 2026-2028 онд Монгол Улсад 43 жил хүлээгдсэн цахилгаан, дулаан хосолсон өндөр хүчин чадлын станц болох Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байна. “ДЦС-5” нь 300 МВт цахилгаан, 340 Гкал/ц дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ДЦС-2-ын үнсэн сангийн дэд бүтцэд ойр 26.4 га талбайд баригдана.
Төслийн үндсэн үзүүлэлтүүд:
- Цахилгаан үйлдвэрлэх хүчин чадал — 300 МВт
- Дулаан үйлдвэрлэх хүчин чадал — 340 Гкал/ц
- Баригдах талбай — 26.4 га
- Цахилгаанаар хангах өрх — 100 мянга хүртэл
- Дулаанаар хангах өрх — 40 мянга гаруй
Тус төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байгаа бөгөөд төрийн түншлэгчээр нийслэл, хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл” компани ажиллаж байна. Станц ашиглалтад орсноор нийслэлийн баруун бүсийн эрчим хүч, дулааны хангамжийг бие даасан, найдвартай эх үүсвэрээр хангах нөхцөл бүрдэх юм.
“ДЦС-5” төсөл нь эрчим хүчний импортын хамаарлыг бууруулах, системийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах стратегийн ач холбогдолтой. Мөн Таван шар, Баянхошуу, 21 дүгээр хороолол зэрэг тэлж буй бүсүүдийн хөгжлийг дэмжих суурь дэд бүтэц болохоор байна.
Технологийн хувьд орчин үеийн, өндөр үр ашигтай, байгаль орчинд ээлтэй шийдэл нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Ялгарлын хэмжээг олон улсын стандартад нийцүүлэн бууруулснаар Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулахад бодит нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Бүтээн байгуулалтын үед 3000 хүртэл, ашиглалтад орсны дараа 500 гаруй ажлын байр шинээр бий болох аж. Энэ нь эдийн засгийн өсөлт, дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
