“Бодь”-той холбоотой гэх 110 сая ам.долларын асуудал улс төрийн хүрээнд дахин анхаарал татаж эхэллээ. Сөрөг хүчний гишүүд уг асуудалд нэр холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, хуулийн байгууллагаар шалгуулахыг шаардаж байна. Мөн намын бүлгийн түвшинд уг асуудлыг хэлэлцэж байгаа аж.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан яригдаж буй мөнгөн дүнг иргэдэд олгох ногдол ашигтай харьцуулан тайлбарлаж, хөрөнгийн шилжилт хөдөлгөөн, зарцуулалтыг баримтаар тогтоох шаардлагатайг онцолжээ.
Тэрбээр “Монгол Ардын Намын шинэ, хуучин дарга нар тэрбум тэрбумаар, сүүлдээ бүр их наядаар хэмжигдэх мөнгөн дүн бүхий авлигын хэрэг ярьдаг болсон. Энэ тоонуудыг бид өдөр бүр сонссоор байгаад цаана нь ямар их хэмжээний мөнгө яригдаж байгааг ч баримжаалахаа больжээ.
Бодь-той холбоотой асуудалд дурдагдаж буй 110 сая ам.доллар гэдэг бол бараг 400 тэрбум төгрөг. Монголын нийт иргэдэд тэнцүү хуваавал хүн бүрд 110 мянган төгрөг ногдох хэмжээний мөнгө. Энэ нь 2026 онд Эрдэнэс Тавантолгойгоос 1072 хувьцаатай иргэнд олгохоор шийдвэрлэсэн 63,242 төгрөгийн ногдол ашгаас бараг хоёр дахин их дүн юм” гэв.
Мөн тэрбээр эрх баригчид харилцан буруутгал өрнүүлэх бус, асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, бодит нөхцөл байдлыг тогтоох ёстой гэсэн байр суурь илэрхийлэв.
“Ийм онц ноцтой асуудал яригдаж байхад эрх баригчид улс төрийн мэдэгдэл хийж, бие бие рүүгээ буруугаа чихээд өнгөрч болохгүй. Мөнгө хаашаа шилжсэн, хэнд очсон, юунд зарцуулагдсаныг баримтаар тогтоох ёстой. Тиймээс энэ хэрэгт нэр холбогдсон төрийн өндөр албан тушаалтнууд албан тушаалаасаа чөлөөлөгдөж, мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөх боломжгүй нөхцөлд шалгуулахыг шаардаж байна. Хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой. Албан тушаал хариуцлагаас хамгаалах халхавч байж болохгүй” хэмээн Б.Жаргалан мэдэгдлээ.
