Apple компанийн шинэ гүйцэтгэх захирал Джон Тернусын жилийн үндсэн цалин 3 сая ам.доллар байх бөгөөд тэрээр 55 сая ам.долларын дүнтэй компанийн хувьцааг урамшуулал болгон хүлээн авах юм. Энэхүү мэдээлэл АНУ-ын Үнэт цаас, биржийн комисст (SEC) гаргаж өгсөн тус компанийн албан ёсны тайлангаас ил болжээ.
Тим Кукийн шинэ албан тушаал ба цалин
Apple-ийн Гүйцэтгэх даргаар (Executive Chairman) томилогдсон өмнөх гүйцэтгэх захирал Тим Кук шинэ албан тушаалдаа жилд 2 сая ам.долларын цалин авахаар болсон байна. Түүнчлэн түүнд 45 сая ам.долларын дүнтэй Apple-ийн хувьцаа олгох аж.
2026 оны 9 дүгээр сарын 1-нд Джон Тернус Тим Кукийн халааг авч, компанийн гүйцэтгэх захирлаар албан ёсоор ажиллаж эхэллээ. Тим Кук тус албан тушаалыг 15 жилийн турш хашсан бөгөөд 2011 онд Apple-ийг хамтран үүсгэн байгуулагч Стив Жобсоос ажлаа хүлээн авч байв. Анх тэрээр 1998 оны 3 дугаар сард дэлхийн үйл ажиллагаа хариуцсан ахлах вице-президентийн хувиар тус компанид нэгдэж байжээ.
Джон Тернусын мэдээлснээр тэрээр бараг бүх карьерыгаа Apple компанид өнгөрүүлсэн байна. Шинэ захирал томилгооныхоо талаар хийсэн мэдэгдэлдээ: “Би Стив Жобсын удирдлага дор ажиллаж, Тим Кукийг чиглүүлэгч багшаа болгон ажиллаж байсандаа өөрийгөө үнэхээр азтайд тооцдог” хэмээн онцолжээ.
