Бельги улсад Нипах вирусын эсрэг вакцины хүн дээр хийх анхны эмнэлзүйн туршилтыг эхлүүлэх гэж байна. Nikkei сонины мэдээлснээр уг вакциныг Токиогийн их сургуульд боловсруулсан бөгөөд Mongolnews24.com энэ талаар дамжууллаа.
Уг бэлдмэл нь примат төрлийн амьтад дээр хийсэн туршилтаар үр дүнтэй болохоо хэдийнэ баталжээ. Ирэх дөрөвдүгээр сард Бельги улсад сайн дурынханд вакцин тарих замаар эмнэлзүйн туршилтын эхний шат эхлэх бөгөөд уг төсөл нь Японы “SCARDA” агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр “European Vaccine Initiative”-тэй хамтран хэрэгжиж байна. Мөн 2027 онд Бангладеш улсад насанд хүрэгчид болон хүүхдүүдийг хамруулсан судалгааг үргэлжлүүлэн явуулахаар төлөвлөжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) Нипах вирусыг дэлхийн хамгийн аюултай вирусуудын нэг гэж үздэг. Нипах вирус нь хүнээс хүнд, эсвэл гахай, сарьсан багваахай, нисдэг үнэг зэрэг амьтдаас хүнд дамждаг бөгөөд халдвар авсан тохиолдолд нас баралтын түвшин 40-75%-тай байдаг. Халдварын анхны шинж тэмдэг 4-7 хоногийн дараа илэрдэг ба вирус нь амьсгалын системийг гэмтээж, тархины үрэвсэл үүсгэдэг байна. Одоогоор энэхүү өвчнийг эмчлэх вакцин эсвэл тусгай бэлдмэл байхгүй байгаа юм.
Нэгдүгээр сард Калькутта хотод халдварын таван тохиолдол илэрч, халдвар тархахаас сэргийлж зуу гаруй хүнийг тусгаарлажээ. Халдвар ихэвчлэн халдвартай амьтны шүлс үлдсэн жимс жимсгэнийг идэх үед дамждаг тул урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл ахуйн дэглэм сахиж, жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэхийг зөвлөж байна.
