Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс (ХӨСҮТ) шинээр сэргэж буй “Nipah” (NiV) вирусийн халдварын талаарх сүүлийн үеийн мэдээлэл, эрсдэлийн үнэлгээг тоймлон хүргэлээ. Энэхүү вирус нь амьтнаас хүнд дамждаг зоонозын гаралтай бөгөөд нас баралтын түвшин өндөртэй ч олон улсын хэмжээнд цар тахал болон тархах магадлал одоогоор бага байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага онцолж байна.
“Nipah” вирус нь анх жимсний сарьсан багваахайгаас гаралтай бөгөөд хүнд хэд хэдэн замаар халдварладаг. Халдвар авсан тохиолдолд шинж тэмдэггүй хэлбэрээс эхлээд амьсгалын замын хүнд өвчлөл, тархины үрэвсэл үүсгэх аюултай бөгөөд олон улсын дундаж нас баралт 40–75 хувьтай байгаа нь туйлын өндөр үзүүлэлт юм.
Халдвар дамжих үндсэн хэлбэрүүд:
- Шууд хавьтал: Халдварласан амьтантай (сарьсан багваахай, гахай) шууд хүрэлцэх.
- Бохирдсон хүнс: Сарьсан багваахайн шүлс, шээсээр бохирдсон түүхий дал модны шүүс болон жимс хэрэглэх.
- Хүнээс хүнд: Халдвартай хүнтэй ойрын хавьтал болох замаар дамжина.
Одоогоор уг вирусийн эсрэг батлагдсан вакцин эсвэл тусгай эмчилгээ байхгүй бөгөөд зөвхөн шинж тэмдгийн болон эрчимт дэмжих эмчилгээ хийж байна.
Бүс нутгийн нөхцөл байдал (2025 он)
Nipah вирус нь Бангладеш, Энэтхэг зэрэг улсуудад нутагшмал шинжтэй болоод байна. 2025 онд Энэтхэгийн Керала мужид шинэ байршлуудад тохиолдол илэрсэн боловч эдгээр нь хоорондоо холбоогүй, байгалиас тус тусдаа халдвар авсан байх магадлалтай байгаа юм. Бангладеш улсын хувьд 2025 оны эхний найман сард дөрвөн нас баралт бүртгэгдсэн нь ихэвчлэн түүхий дал модны шүүс ууснаас үүдэлтэй байжээ.
Олон улсын эрсдэл ба зөвлөмж
ДЭМБ-ын эрсдэлийн үнэлгээгээр уг халдвар олон улсад тархах эрсдэл “бага”, харин голомтот улс орнуудын дотоодод “дунд” түвшинд байна. Одоогоор хүнээс хүнд дамжсан тохиолдол олон улсын хэмжээнд бүртгэгдээгүй тул Энэтхэг, Бангладеш руу чиглэсэн аялал, худалдаанд ямар нэгэн хязгаарлалт тогтоох шаардлагагүй гэж үзэж байна. Хэдийгээр нас баралт өндөр ч Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” зарлах босгыг хараахан хангахгүй байгаа ажээ.
