Олон улсын таеквондогийн холбоо (ITF)-ийн түүхт 60 жилийн ойг тохиолдуулан 11 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулахаар боллоо. Энэхүү нэр хүндтэй тэмцээн нь ITF-ийн 2026 оны албан ёсны календарьчилсан төлөвлөгөөнд багтсан хамгийн гол үйл явдлуудын нэг юм.
Тивийн шилдгүүдийг тодруулах тус тэмцээн 2026 оны наймдугаар сарын 3-наас 9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо өрнөхөөр товлогджээ. Тэмцээний үеэр Азийн орнуудын шилдэг мастерууд ур чадвараа сорин өрсөлдөх бөгөөд манай улс тивдээ тэргүүлэгч тамирчдыг хүлээн авах бэлтгэл ажилдаа ороод байна.
Энэ удаагийн Азийн аваргын хүрээнд дараах төрлүүдээр аваргууд тодорно:
- Тулаан болон Хөдөлгөөнт тоот дасгал: Тамирчдын техникийн ур чадвар, хурд хүчийг сорих үндсэн төрлүүд.
- Хатуу биет хугалах төрөл: Таеквондогийн гайхамшигт хүчийг харуулах үзүүлбэрүүд.
- Онцгой чадвар болон Зохиомол тулаан: Уян хатан байдал болон тактикийн урлагийг хослуулсан ангиллууд.
Улаанбаатар хот 2026 оны наймдугаар сард тивийн хэмжээний спортын томоохон төв болох бөгөөд нийт таван төрлөөр шилдэг тамирчдаа тодруулж, түүхт ойн баярыг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх юм. Энэхүү тэмцээн нь Монгол улсад тулааны урлаг, тэр дундаа ITF таеквондог сурталчлах, залуу тамирчдын туршлагыг зузаатгахад үнэтэй хувь нэмэр оруулна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
