Дэлхийн хамгийн том атомын цахилгаан станц (АЦС) болох “Касивазаки-Карива”-гийн оператор Японы “Tokyo Electric Power” корпораци тус станцын зургаадугаар эрчим хүчний блокийг дахин ажиллуулж эхэллээ.
Энэ талаар Японы олон нийтийн телевиз мэдээлснийг Mongolnews24.com дамжууллаа. Тус блокийн арилжааны ашиглалт хоёрдугаар сарын 26 гэхэд эхлэх төлөвтэй байна.
2012 оноос хойш зогсолт хийсэн тус станцын реакторуудын нэгийг анх нэгдүгээр сарын 20-нд ажиллуулахаар төлөвлөж байсан ч техникийн саатлын улмаас хойшлуулсан юм. Хяналтын бариулуудыг гаргах туршилтын явцад дохиоллын систем ажиллаагүй байна.
Өмнө нь орон нутгийн эрх баригчид “Касивазаки-Карива” станцын хоёр реакторыг дахин ажиллуулахыг албан ёсоор зөвшөөрсөн. Тус станц нь нийт 8.2 ГВт хүчин чадалтай долоон реактортой бөгөөд энэ нь түүнийг дэлхийн хамгийн том АЦС болгодог юм.
2011 оны хавар хүртэл Японд 54 атомын реактор ажиллаж, эрчим хүчний хэрэглээний гуравны нэгийг хангадаг байв. “Фүкүшима-1” АЦС-ын ослын дараа тэдгээрийг бүгдийг нь зогсоосон билээ. Одоо тус улсад аюулгүй байдлын шинэчилсэн, өндөржүүлсэн арга хэмжээний дор станцуудыг хэсэгчлэн дахин ажиллуулж байна. Одоогоор Японд 14 реактор ажиллаж байгаа бөгөөд тэдний тоо аажмаар нэмэгдэж байна.
