“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг түшиглэсэн “Хүннү” дагуул хотын бүтээн байгуулалтын хүрээнд олон улсын стандартад нийцсэн транзит зочид буудал барихаар шийдвэрлэлээ. Нийслэл хотоос 53 километрийн зайд орших 315 га талбайд босох энэхүү шинэ хотын төслийн талбайд албаны хүмүүс ажиллаж, ирээдүйн төлөвлөлтийг хэлэлцсэн байна. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон Хүннү хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Батбаяр нар уг байгууламжийг агаарын тээврийн зангилаа буюу “Hub” болон хөгжихөд голлох үүрэг гүйцэтгэхийг онцоллоо.
Өнгөрөгч 2025 оны статистик мэдээгээр 45 мянган транзит зорчигч “Чингис хаан” нисэх буудлаар дамжин өнгөрсөн нь ийм төрлийн зочид буудлын бодит хэрэгцээ байгааг баталж байна. Уг төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн замаар хэрэгжүүлэх бөгөөд Монгол Улсыг Азийн бүс нутаг дахь агаарын тээврийн төв болгох стратегийн нэг хэсэг юм. Энэхүү бүтээн байгуулалт нь дамжин өнгөрөх зорчигчдод олон улсын стандартад нийцсэн тав тухтай орчинд амрах боломжийг олгох ач холбогдолтой.
Төслийн төлөвлөлт болон техникийн зарим үзүүлэлтээс дурдвал:
- Транзит зочид буудлыг 3.3 га талбайд, таван давхар бүхий 25 мянган м.кв талбайтайгаар барихаар зураг төслийг нь гаргажээ.
- Зочид буудал нь нисэх буудлын үндсэн терминалтай 350 метр урт тусгай хоолойгоор шууд холбогдож, зорчигчдыг хүлээн авах юм.
- Цогцолборын хүрээнд худалдаа, үйлчилгээний төвүүд болон орчин үеийн оффисын талбайнуудыг давхар шийдэж өгсөн байна.
- Дагуул хотын бүсэд эдийн засгийн чөлөөт бүс, дата төв, технологийн кластеруудыг байгуулж, бизнесийн таатай экосистемийг бүрдүүлнэ.
Одоогийн байдлаар нисэх буудалд 2000 орчим ажилтан үүрэг гүйцэтгэж байгаа тул тэдний ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах нь төслийн нэг чухал хэсэг юм. Иймд дагуул хотын хүрээнд орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэгийн дэд бүтцийг нэн тэргүүнд шийдвэрлэхээр төлөвлөж байна. Энэхүү цогц бүтээн байгуулалт нь Хөшигийн хөндийг зөвхөн тээврийн цэг бус, эдийн засгийн шинэ төв, амьдрахад таатай хот болгон хувиргах стратегийн зорилттой билээ.
