Даваа, 1 сар 19, 2026
HomeСпортЭ.Халиунболд “Дакар ралли” уралдаанаас цом хүртсэн анхны Монгол тамирчин боллоо

Э.Халиунболд “Дакар ралли” уралдаанаас цом хүртсэн анхны Монгол тамирчин боллоо

Авто болон мото спортын “Олимп” хэмээн нэрлэгддэг 48 дахь удаагийн “Дакар ралли-2026” уралдаан Саудын Арабын элсэн цөлд 14 хоногийн турш үргэлжилж, шилдгүүдээ тодруулснаар албан ёсоор өндөрлөлөө. Энэ жилийн тэмцээнд Монгол Улсаас хоёр тамирчин мотоциклийн төрөлд хүч үзэж, алтан соёмбот төрийн далбаагаа дэлхийн тавцанд мандуулан, эх орныхоо нэрийг дуурсгав. МУГТ Э.Халиунболд болон ОУХМ П.Мөрөн нар нийт 13 гарааны турш тэсвэр тэвчээр, авхаалж самбаагаа сорьж, бахдам амжилттайгаар барианд орсон юм.

“Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин, МУГТ Э.Халиунболд энэ удаагийн уралдаанаар Монголын авто болон мото спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ. Тэрээр нийт 120 гаруй тамирчин оролцсон мотоциклийн төрөлд онцгой амжилт үзүүлж, “Шилдэг шинэ тамирчин” (Rookie) ангилалд гуравдугаар байр эзлэн, Дакар раллигаас цом хүртсэн анхны монгол тамирчин болов. Түүний үзүүлсэн үзүүлэлтүүд нь манай улсын тамирчдын ур чадвар олон улсын түвшинд хүрснийг бататгаж байна.

Э.Халиунболдын үзүүлсэн нарийвчилсан амжилтуудыг дурдвал:

  • Нийт дүнгээр: 120 гаруй тамирчнаас 16 дугаар байр.
  • Ралли-2 ангилалд: 13 гарааны дараах нийлбэр дүнгээр 6 дугаар байр.
  • Шилдэг шинэ тамирчин (Rookie): 3 дугаар байр буюу хүрэл цом.
Э.Халиунболд Дакар ралли-2026 тэмцээнээс цом хүртлээ

Тэрээр барианд орсон даруйдаа өөрийн сэтгэгдлээ хуваалцахдаа “Дакарт уралдахад төсөөлөл анх байгаагүй ч үүнийг хийх ёстой л гэж бодсон. Гэхдээ дотроо нууцхан шилдэг 20-д багтах юмсан гэх хүсэлтэй байсан минь биеллээ” хэмээн онцолсон юм. Мөн уралдааны явцад зураг унших болон замын чиг баримжаа тогтоох тал дээр ихээхэн туршлага хуримтлуулсандаа баяртай байгаагаа илэрхийлээд, төслийг дэмжсэн бүх хүнд талархал илгээжээ.

Үүний зэрэгцээ ОУХМ П.Мөрөн уралдааныг амжилттай өндөрлүүлж, ерөнхий дүнгээр 29 дүгээр байрт, Ралли-2 ангилалдаа 19 дүгээр байрт шалгарлаа. Тэрээр “Адармаатай төгсгөл байлаа. Ямартай ч 13 гараагаа дуусгаж, шилдэг 30-д багтсандаа баяртай байна” хэмээн өөрийн амжилтаа дүгнэсэн юм. Монголын баг тамирчид энэ сарын 20-ны өглөө эх орондоо газардах хуваарьтай байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

2 COMMENTS

  1. Үнэхээр бахархмаар амжилт байна, Монгол хүн дэлхийд хүчээ харууллаа

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд