Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Үндсэн хуулийн өдөрт зориулан нийт ард иргэддээ хандан мэндчилгээ дэвшүүлэхдээ иргэний эрх чөлөөг төрийн хүнд суртлаас чөлөөлөх бодлогыг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр хууль тогтоох засаглалыг тэргүүлж эхэлснээсээ хойш Үндсэн хуульд заасан хүний суурь эрхүүдийг хамгаалах нь парламентын нэн тэргүүний үүрэг хариуцлага болохыг сануулсан юм. Ард түмний сонголтоор бүрэлдсэн УИХ-ын гол зорилго нь иргэдийнхээ эрх чөлөөний баталгааг сахин хамгаалахад оршдог гэдгийг тэрбээр илэрхийлэв.
Монгол Улсын хүн амын дийлэнх хувийг хүүхэд, залуучууд эзэлдэг тул 2026 оныг хүүхдийн эрхийг хамгаалах жил болгон зарлаж байгааг УИХ-ын дарга мэдэгдэв. Хүүхдийн аюулгүй байдлыг хангахгүйгээр хүний эрхийн цогц тогтолцооны талаар ярих боломжгүй бөгөөд ирэх хаврын чуулганаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нэн тэргүүнд хэлэлцэн батлахаар төлөвлөжээ. Энэхүү шинэчлэл нь хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн хууль эрх зүйн томоохон алхам болох юм.
УИХ-ын даргын зүгээс иргэд, бизнес эрхлэгчдийн хийж бүтээх хүсэл эрмэлзлийг боомилсон төрийн хүнд суртлыг халах зорилгоор “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүлэн хэрэгжүүлж эхэлсэн байна. Тэрбээр төрийн бодлогын түвшинд хэрэгжих энэхүү санаачилгын хүрээнд дараах томоохон өөрчлөлтүүдийг хийхээ амлалаа.
- 2026 оныг хүүхдийн эрхийг хуульчлан хамгаалж, хэрэгжилтэд хяналт тавих жил болгоно.
- Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Хаврын чуулганаар эцэслэн батална.
- Шүүхийн шатанд нөхцөл байдлыг бодитоор тогтоох зорилгоор “шүүгч нотлох” зарчмыг хуульчилна.
- Бизнесийн 30 гаруй төрлийн үйл ажиллагааг зөвшөөрлийн тогтолцооноос мэдэгдлийн хэлбэрт шилжүүлнэ.
“Хориглоогүй л бол зөвшөөрөгдөх” зарчмыг хуульчлан нээж, бизнесийн орчинд тулгарч буй авлигын хөрс суурь, хүнд суртлын гох дэгээг тайлах нь “Чөлөөлье” санаачилгын амин сүнс юм. УИХ-ын дарга Н.Учрал хэлсэн үгэндээ, ардчилсан төрийн үндсэн чиг үүрэг нь хүний эрх чөлөөг хязгаарлахад биш, харин түүнийг хамгаалж, иргэн өөрийнхөө хувь заяаг өөрөө бүтээх боломжийг олгоход оршдог гэдгийг онцолжээ.
Үндсэн хууль бол зөвхөн төрийн засаглалын бүтэц, зохион байгуулалтыг заасан баримт бичиг бус, Монгол Улсын өрх бүл, иргэн бүрийн амьдралын чанарын баталгаа гэдгийг тэрбээр дүгнэн хэлсэн байна. Эх орныхоо ирээдүй болсон хүүхэд багачуудын инээд хөөр, иргэн бүрийн эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх нь шинэ зууны Монгол Улсын хөгжлийн үндэс суурь болохыг түүний мэндчилгээ илэрхийлж байна.
