МУГТ Э.Халиунболд “Дакар Ралли-2026” уралдааны гуравдугаар гараанд амжилттай уралдаж, тухайн өдрийн үзүүлэлтээр “ТОП-5” тамирчны нэг болж барианд орлоо. Авто, мото спортын олимп хэмээн нэрлэгддэг “Дакар ралли”-гийн 48 жилийн түүхэнд Азийн тамирчин эхний тавд багтаж байгаагүй гэдэг утгаараа энэ амжилт онцгой анхаарал татаж байна.
Түүнчлэн Э.Халиунболд гуравдугаар гарааны дараах нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байрт бичигдсэнээр Монголын төдийгүй Азийн авто спортын түүхэнд шинэ хуудас нээв. Өөрөөр хэлбэл тэрээр гурван гарааны нийлбэр үзүүлэлтээр “ТОП-4”-т орж ирсэн анхны Монгол тамирчин, мөн анхны Ази хүн болж байгаа юм.
Саудын Арабын элсэн цөлд үргэлжилж буй “Дакар Ралли”-д Монгол Улсаа төлөөлөн Э.Халиунболд 57, ОУХМ П.Мөрөн 79 дугаартайгаар хурд хүчээ сорин өрсөлдөж байна. Тэмцээний дараагийн чухал хэсэг болох “Этап-6” гараа нийт 589 км үргэлжлэх бөгөөд үүнээс уралдааны үндсэн замын эхний хэсэг 326 км байх аж.
Энэ удаагийн маршрутын нөхцөл бартаа ихтэй гэж мэдээлэгдэж байгаа бөгөөд замын 15 хувь нь хатуу шороон гадаргуутай байх бол 57 хувь нь элсэрхэг, 28 хувь нь элсэн манхан бүхий хэсгээр дайран өнгөрнө. “Этап-6” гараа нь Хайл хотоос Рияад хотын чиглэлд үргэлжлэхээр төлөвлөгдөжээ.

Манай тамирчин ийм өндөр түвшинд хүрч байгаад үнэхээр бахархаж байна
Dakar бол маш хүнд уралдаан, топ-5 гэдэг асар том амжилт шүү