Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 20 км зайд өнөөдөр 07:51:15 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.
ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэдээллээр уг газар хөдлөлт нь Ханх сумын төвөөс баруун урд зүгт 20 км, Ренчинлхүмбэ сумын төвөөс зүүн хойд зүгт 61 км, Цагааннуур сумын төвөөс зүүн зүгт 74 км-ийн зайд болсон байна.
Газар хөдлөлтийн хүчийг хоёр өөр хэмжүүрээр тодорхойлдог. Магнитуд нь газар доорх голомт буюу чичирхийлэл үүсэж буй төв хэсгийн хүчийг илтгэдэг үзүүлэлт бол газрын гадарга дээр хүн, барилга байгууламжид хэр мэдрэгдэж байгааг баллын үнэлгээгээр хэмждэг. Баллын шатлал нь 12 хүртэл байх бөгөөд магнитуд 3-аас доош үед хүмүүс төдийлөн анзаарахгүй өнгөрөх нь олон, харин 7-оос дээш хүрвэл өргөн талбайг хамарсан ноцтой эвдрэл, сүйрэл дагуулах эрсдэлтэй гэж үздэг байна.
Тухайлбал 1–3 баллын хүчтэй чичирхийлэл мэдрэгдэхэд барилга дотор байсан хүмүүс доргилтыг үл ялиг анзаарч, тавиур дээрх аяга таваг, сав суулга бага зэрэг хөдөлдөг аж.
Харин газар хөдлөлт 4–5 балл хүрвэл хүмүүс сандарч, гэрлийн бүрхүүл зэрэг зүйлс мэдэгдэхүйц савлан чичирч, суурь муутай баримал, аяга таваг, сав суулга унах тохиолдол гарч болзошгүй бөгөөд олонх хүн айдас түгшүүр мэдэрдэг гэжээ.
6–7 баллын түвшинд хүрсэн чичирхийлэлд хүн хөл дээрээ тогтоход хүндрэлтэй болж, хаалга онгойхгүй гацах, ханын хавтан цуурах, цонхны шил хагарах зэрэг гэмтэл илэрч, гэрийн тавилга эд зүйлс байрнаасаа хөдөлж өнхөрөн унах нь бий гэдгийг мөн онцолсон байна.

