АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн засаг захиргааны “Америк нэгдүгээрт” (America First) хэмээх гадаад бодлогын үндсэн зарчмыг хэрэгжүүлэх хүрээнд дэлхийн улс орнуудад суугаа Элчин сайдын яамдаасаа 30 орчим дипломатчийг эргүүлэн татахаар шийджээ. Төрийн департаментаас гаргасан мэдээллээр, өнгөрөгч долоо хоногийн хугацаанд 29 орчим улсад ажиллаж буй дипломат төлөөлөгчдөд ирэх нэгдүгээр сард бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болох тухай албан ёсны мэдэгдлийг хүргүүлсэн байна. Энэхүү алхам нь Цагаан ордны зүгээс хилийн чанад дахь дипломат байр сууриа шинэчлэх гэсэн томоохон оролдлого гэж шинжээчид үзэж байна.
Энэхүү халаа сэлгээ нь дэлхийн бүх бүс нутгийг хамарсан бөгөөд нийт 13 нь Африк тивийн улсуудад хамаарч байна. Дипломатчид нь эргүүлэн татагдсан болон томилгооны өөрчлөлтөд орсон улсуудыг бүс нутгаар нь ангилбал:
- Африк тив: Бурунди, Камерун, Кабо Верде, Габон, Зааны ясан эрэг, Мадагаскар, Маврикий, Нигер, Нигери, Руанда, Сенегал, Сомали, болон Уганда.
- Ази-Номхон далай: Фижи, Лаос, Маршаллын арлууд, Папуа Шинэ Гвиней, Филиппин, Вьетнам.
- Европ: Армени, Македони, Монтенегро, Словак.
- Ойрхи Дорнод ба Төв Ази: Алжир, Египет, Балба, Шри Ланка.
- Баруун хагас бөмбөрцөг: Гватемала болон Суринам.
Чөлөөлөгдөж буй эдгээр албан тушаалтнууд нь бүгд Ж.Байдены засаг захиргааны үед үүрэгт ажилдаа томилогдсон хүмүүс юм. Хэдийгээр Элчин сайдын томилолт ихэвчлэн 3-4 жилийн хугацаатай байдаг ч тэд Ерөнхийлөгчийн таалалд нийцэн ажиллах үндсэн үүрэгтэй байдаг аж. Төрийн департаментын зүгээс энэхүү өөрчлөлтийг засаг захиргаа солигдох үеийн стандарт үйл явц хэмээн тайлбарлаж байна. “Элчин сайд бол Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн хувийн төлөөлөгч тул ‘Америк нэгдүгээрт’ чиг шугамыг тууштай дэмжих хүмүүсийг томилох нь Төрийн тэргүүний бүрэн эрхийн асуудал” гэдгийг албаныхан онцоллоо.
