Парисын олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд алтан медаль хүртсэн, Японы тамирчин Цүнода Нацүми их спортоо орхихоор шийдсэн тухай мэдээлэл тархав. Японы Жүдо бөхийн холбооны эх сурвалж энэ тухай Никкан Спортс сонинд мэдээлсэн бөгөөд тамирчин одоогоор зодог тайлах өргөдлөө албан ёсоор өгөөгүй байгаа аж.
Ирээдүйн зорилго болон албан ёсны шийдвэр
Тус эх сурвалж мэдээлэхдээ, Цүнода улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд үлдэхгүй болсон ч, ирэх жилийн үнэмлэхүй жингийн Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд оролцох сонирхолтой байгаа шинжтэй байсан хэмээжээ. Мөн Олимпын аварга болсон хүмүүст дараагийн том зорилгоо тодорхойлоход хүндрэлтэй байдаг байх гэсэн таамаглалыг дэвшүүлсэн байна.
Цүнода Нацүми өмнө нь Токиогийн Их Дуулга тэмцээний хаалтын ажиллагааны үеэр хэвлэлд хандаж: “Компанитайгаа ярилцаж байж шийднэ. Одоо эрт байна” хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм. Гэвч зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг Шинэ жилээс өмнө албан ёсоор зодог тайлснаа зарлана гэж бичиж байна. Ямартай ч, 33 настай Цүнодагийн хувьд жүдо бөхийн спортоо орхих нь тодорхой болоод байгаа юм.
