Ерөнхийлөгчийн Тамгын газар, Дотоод хэргийн их сургууль хамтран явуулж буй Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит 21 дэх удаагийн “Сонсогчийн алдар” гардан тулааны тэмцээн “Степпе арена” цогцолборт эхэллээ. Тэмцээний нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, тамирчдад амжилт хүсэхийн сацуу урам өгсөн юм.
Тэрбээр тэмцээний хэмжээ, оролцогчдын тоо, нэр хүнд жил ирэх тусам өсөж, тамирчдын ур чадвар сайжирч, гардан тулаанаар хичээллэгч хүүхэд залуусын тоо нэмэгдэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Энэ тэмцээн “Эрүүл монгол хүн”, “Эх оронч Монгол” хөдөлгөөнтэй уялдаж, хойч үеэ эрүүл саруул, ёс суртахуунтай, сэтгэл зүйн зөв төлөвшилтэй болгоход чиглэсэн олон ажлын нэг хэсэг гэдгийг онцоллоо. Цаашид хүүхэд залууст бие бялдар, сэтгэл зүйн өв тэгш хүмүүжил олгохын тулд гардан тулаан, өөрийгөө хамгаалах урлагийг бүх шатны сургуулийн биеийн тамирын хичээлд оруулах санаачлагыг дэмжихээ илэрхийллээ.
Тэмцээнийг “Тулаан”, “Өөрийгөө хамгаалах” гэсэн хоёр ангиллаар зохион байгуулж, төрийн цэргийн, хууль сахиулах байгууллагын алба хаагчид, их дээд сургуулийн оюутан сонсогч, бие хамгаалах урлагийн холбоо, клуб, нэгдэл, хувь хүмүүс эрэгтэй, эмэгтэй төрлөөр өрсөлдөнө. Жин бүрд эхний гурван байрыг шалгаруулахаас гадна “Тулаан” ангилалд түрүүлсэн, шилдэг техниктэй, уран зоригтой тамирчинд Улаан брет малгай олгох юм.
Шагналын ангилал:
- Шилдэг шүүгч
- Шилдэг дасгалжуулагч
- Уран зоригтой тоглогч (тулааны ангилал)
- Шилдэг ур чадвартай тамирчин (өөрийгөө хамгаалах ангилал)
Түрүүлсэн багт Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом гардуулах бөгөөд гурван жил дараалан түрүүлбэл цомыг үүрд хадгалуулах эрхтэй болно. Тэмцээн хоёр өдөр үргэлжилж, шилдэг тамирчдаа тодруулах юм.
“Сонсогчийн алдар” тэмцээнийг Ардын багш, боловсрол судлалын ухааны доктор, профессор, Дотоод хэргийн их сургууль, МУБИС-ийн хүндэт профессор, цагдаагийн хурандаа С.Хаянгарваа санаачилсан билээ. 1996 оноос төрийн цэргийн, хууль сахиулах байгууллагын алба хаагч, цэрэг цагдаагийн сургуулийн сонсогч, тулааны урлагийн клуб, холбоо, хувь хүмүүсийн хүрээнд улс, олон улсын хэмжээнд зохион байгуулж ирсэн байна. 1998 оноос эмэгтэй тамирчид, хүүхэд залуусыг нас, жингээр ангилан оролцуулж эхэлсэн бөгөөд 2003, 2008, 2013 онд Орос, Украйн, Казахстан, Иран, Япон, Чех, Солонгосын тамирчид оролцож байжээ.
Тэмцээнээс холимог тулааны дэлхийн хошой аварга Ж.Нарантунгалаг, олон улсын каратэгийн хошой аварга, дэлхийн таеквондогийн аварга Ө.Гантөмөр, мэргэжлийн боксын дэлхийн хошой аварга Ч.Цэвээнпүрэв зэрэг алдартай тамирчид төрөн гарчээ. Манай улсад тулааны урлагийн 20 орчим төрлөөр 50 гаруй мэргэжлийн холбоо, клуб, 1000 орчим секц, дугуйлан үйл ажиллагаа явуулж байгаа юм.
