Монгол Ардын Намын Их хурал амжилттай өндөрлөж, шинэ дарга тодорсны дараа Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр, 2025 оны арваннэгдүгээр сарын 17-нд, ОХУ-ын нийслэл Москва хотыг зорино.
Энэхүү айлчлалын хүрээнд тэрбээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцох юм.
ШХАБ-ын хуралдааны зорилго
ШХАБ-ын жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү хуралдаан энэ жил Москва хотноо арваннэгдүгээр сарын 17–18-ны өдрүүдэд болно.
Монгол Улс ШХАБ-т ажиглагч улсын статустай бөгөөд дараах асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байна.
- Гишүүн орнуудын эдийн засаг, худалдаа, хөгжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх
- Хөрөнгө оруулалт, тээвэр, дэд бүтцийн төслүүдийг дэмжих
- Санхүү, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх
- ШХАБ-ын төсөв, хөтөлбөрүүдийг батлах
- Төрийн тэргүүн нарын түвшинд гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хэлэлцэх
Санамж татвал, 2024 оны аравдугаар сард тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Пакистаны нийслэл Исламабад хотод болсон ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд мөн ажиглагчаар оролцож байсан билээ.
