Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар найман жил ажилласан Д.Амарбаясгалан МАН-ын даргын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ зарлаж, олон нийтэд албан ёсны мэдэгдэл гаргалаа.
Тэрбээр мэдэгдэлдээ өнгөрсөн хугацаанд улс төр, эдийн засгийн хүнд нөхцөлд нам, улс орны бодлого, Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг шинжлэх ухаанч, нарийн судалгаанд тулгуурлан хэрэгжүүлж, бодит шийдлүүд гаргаж ирснээ онцолсон байна. Түүнчлэн МАН гишүүд, дэмжигчдийн хамтын хүчээр сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгчийн болон УИХ-ын гурван удаагийн сонгуульд дараалан ялалт байгуулсан нь намын бодлогын үр дүн болохыг дурджээ.
Д.Амарбаясгалангийн хэлснээр Үндсэн хуулийн өөрчлөлт нь парламентын төлөөллийн чадварыг нэмэгдүүлж, олон ургалч үзлийг бодитойгоор бэхжүүлсэн нь ардчиллын хөгжилд түүхэн алхам болсон гэж үзэж байна. Гэвч намын даргад нэр дэвших санаачилга гаргаснаас хойш түүнийг чиглэсэн улс төрийн зорилготой гүтгэлэг, дайралт эрчимжсэн нь намын эв нэгдэл болон төрийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсгэсэн гэж тэр мэдэгджээ.
Тиймээс тэрбээр албан тушаал, эрх мэдэлд зууралдахгүй, харин төрийн үнэт зүйл, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хамгаалж, улс орны үйл хэргийг гацаанаас гаргах нь зүйтэй гэж үзсэнээ илэрхийлсэн байна. Мөн УИХ-ын даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргаснаа дахин баталжээ.
Мэдэгдлийн төгсгөлд тэрбээр Монгол Ардын Намын эв нэгдлийг бататгахын төлөө ажиллахаа илэрхийлж, МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй гэдгээ онцлон мэдэгджээ.
