Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал өнөөдөр Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийлээ. Тэрбээр эдийн засгийн эрх чөлөөг хангах шинэ хуулийн төсөл болон түүнд холбогдох нэмэлт, өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Түүний хэлснээр, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль”, “Хөрөнгө оруулалтын тухай хууль”, “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль” болон эдгээрийг дагасан 120 хуулийн нэмэлт, өөрчлөлт танилцуулагдсан байна. Ерөнхий сайд Г.Занданшатар “Баялаг бүтээгчдийг дэмжих багц хууль”-ийг өргөн мэдүүлэхээ зарлаж, өнгөрсөн 100 хоногт уг төслийг боловсруулах ажлыг эхлүүлжээ.
Н.Учрал хэлэхдээ: “Бид ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэлд ДНБ ба тэнцвэржүүлсэн орлогын харьцааг 30.6 хувь болгож бууруулсан. Энэ нь төрийн эдийн засаг дахь оролцоог хязгаарлаж, хувийн хэвшилд илүү боломж нээж өгнө. Өнгөрсөн онд уг харьцаа 37 хувь байсан. Төр хувийн хэвшилтэй өрсөлдөж байна гэсэн шүүмжлэлд бид бодит тоон мэдээллээр хариу өгөх цаг болсон” хэмээв.
Сайд Н.Учралын мэдээлснээр, хиймэл оюун ухааны тусламжтайгаар хүчин төгөлдөр үйлчилж буй 378 хуулийг дүн шинжилж, эдийн засгийн эрх чөлөөтэй “зөрчилдөж болзошгүй” 228 хууль, мөн шууд зөрчилдөж буй 110 хуулийн заалтыг тодорхойлсон байна. Эдгээр зөрчилтэй хуулиудыг өөрчлөх ажлыг ойрын хугацаанд хийхээр төлөвлөжээ.
Шинэ хуулийн гол зорилт нь:
- Эдийн засгийн эрх чөлөөг хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах;
- Шударга өрсөлдөөнийг дэмжихээс бусад тохиолдолд хязгаарлалт тогтоохыг хориглох;
- Хувийн өмчийг хамгаалах, өмчлөгчийн эрхийг хязгаарлах хууль батлахыг зогсоох;
- Хуульд нийцэхгүй дүрэм журам батлахыг хориглох зэрэг зохицуулалт багтжээ.
Н.Учралын онцолсноор “Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль” хэрэгжсэнээр бизнес эрхлэх орчин илүү нээлттэй, тогтвортой болж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэх суурь нөхцөл бүрдэх аж.
