“Улаанбаатар төмөр зам” ХНН зам гармын аюулгүй байдлыг дээшлүүлэх ажлын хүрээнд Сонсголонгийн 2-р км орчимд байрлах гармыг шинэчилж, хориглолын хаалттай болгож, жижүүрийн хяналтад оруулсан байна.
Өмнө нь уг гарм зөвхөн дохиоллын гэрлээр зохицуулагддаг байсан бөгөөд энэ нь хөдөлгөөн ихтэй бүсэд эрсдэлийг бүрэн бууруулж чаддаггүй байв. Тус замаар импортын нефть бүтээгдэхүүний 60 орчим хувийг буулгалтын талбай руу зөөвөрлөдөг тул хүнд даацын автомашины урсгал жилээс жилд нэмэгдсээр байсан юм. Үүнтэй уялдуулан гармын аюулгүй байдлыг бүрэн хангах шаардлага тулгарсан гэж албаныхан мэдээлжээ.
Энэ гармаар өдөр бүр 45–50 мянган хүнд даацын болон бусад төрлийн автомашин нэвтэрдэг байна. Дохиолол ассан үед шууд гармаар орж, галт тэргэнд мөргөх эрсдэлтэй зөрчил олон удаа гарч байсныг “УБТЗ” онцоллоо. Шинэ систем нь ийм ослын нөхцөл үүсэх магадлалыг мэдэгдэхүйц бууруулах юм.
Цаашдын зорилтын хүрээнд “УБТЗ” нийслэл болон орон нутгийн байгууллагуудтай хамтран төмөр замын гармыг цөөрүүлэх, авто зам төмөр зам хоорондын огтлолцлыг ижил бус түвшинд шийдэх ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
