Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Эрүүл монгол хүн” зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлахаар шийдвэрлэлээ.
Энэ дагуу нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, иргэдийн эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог өргөжүүлэх зэрэг арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж Засгийн газарт танилцуулах үүргийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд даалгасан байна.
Мөн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх шатны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга нар идэвхтэй оролцохыг үүрэг болголоо.
Засгийн газар 2027 оны улсын төсөвт уг ажлын санхүүжилтийг тусгах, салбар дундын уялдаа холбоог хангах, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах чиглэлийг холбогдох сайд нарт өгчээ.
