2025 оны 10 дугаар сарын 16-нд болсон НИТХ-ын ээлжит V хуралдаанаар соёлын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд Үндэсний урлагийн их театр барихаар газар олгох шийдвэр гаргажээ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдээлэл өгсөн байна.
Тэрбээр хэлэхдээ, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь нийтдээ 970 гаруй га талбайг хамардаг. Үүнээс 300-400 га нь ундны усны эх үүсвэрийн бүсэд багтдаг бөгөөд 218 худаг байрладаг. Харин Үндэсний урлагийн их театрын барилга барих газар нь ‘Шинэ зуун айл’ худалдааны төвөөс урагш, ундны усны эх үүсвэрт хамааралгүй бүсэд байрлана” гэв.
Түүний мэдээлснээр, хуульд зааснаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газрын 85 хувь нь ногоон байгууламжид, 15 хувь нь бусад зориулалтаар ашиглагдаж болох бөгөөд театрын барилга нь энэ хүрээнд, хуульд нийцсэн байршилд баригдах аж.
Мөн тэрээр, “Монгол Улс, БНХАУ-ын Ерөнхийлөгч нарын хэлэлцээрийн хүрээнд Үндэсний урлагийн их театрын 200 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг БНХАУ бүрэн санхүүжүүлнэ” хэмээн онцолжээ.
Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх боломжтой бөгөөд Усны тухай хуулийн 22.2.1, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8, мөн Газрын тухай хуулийн 12.2 зэрэг заалтаар нийтийн зориулалттай дэд бүтцийн барилга байгууламжийг хамгаалалтын бүсэд тодорхой нөхцөлтэйгөөр байрлуулах боломжийг олгосон байдаг.
Түүнчлэн “Алсын хараа–2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон 2021–2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрүүдэд Үндэсний урлагийн их театрын төслийг хэрэгжүүлэх зорилт тусгагдсан нь уг ажил хууль, бодлогын хүрээнд нийцэж байгааг илтгэж байна.
