Эрүүл мэндийн сайдын зөвлөл өчигдөр хуралдаж, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсний нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор шинэ саналыг боловсруулжээ. Үүнд, эрүүл мэндийн салбарынхны цалинг тодорхой хугацаанд татвараас чөлөөлөх эсвэл татвар төлөлтийг хойшлуулах хувилбар орсон байна.
Энэ арга хэмжээ нь цалинг 3.5 сая төгрөгийн түвшинд хүргэх хүртэл хэрэгжих түр зуурын шийдэл гэж үзэж байгаа бөгөөд салбарын зөвлөлийн гишүүд уг саналыг эдийн засагт дарамт үүсгэлгүйгээр бодит дэмжлэг үзүүлэх боломж гэж дүгнэжээ.
Төсвийн тооцоолол
Хэлэлцүүлгийн үеэр дараах тооцооллыг танилцуулсан байна.
- Цалинг 10 хувь нэмэхэд – 127.5 тэрбум төгрөг
- 15 хувь нэмэхэд – 201.3 тэрбум төгрөг
- 20 хувь нэмэхэд – 235.2 тэрбум төгрөг
- 30 хувь нэмэхэд – 343 тэрбум төгрөг
- Цалинг дунджаар 3.5 сая төгрөгт хүргэхэд – 1.3 их наяд төгрөг шаардлагатай
Хэлэлцүүлэг, уулзалтууд үргэлжилж байна
Өнөө өглөө Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн салбарын ажилтнуудын төлөөлөлтэй гурав дахь уулзалтаа хийж, талбай дээр ажил хаялт зарласан асуудлыг хэлэлцжээ. Үүний дараа Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг (ЭМДҮЗ) ээлжит бусаар хуралдуулсан байна.
Эдгээр уулзалтуудын зорилго нь цалин нэмэгдүүлэх бодит гарц олох, нөхцөл байдлыг үнэлэх, мөн олон нийтэд ил тод мэдээлэхэд чиглэж байгаа юм.
Цалин нэмэх шаталсан төлөвлөгөө
Засгийн газар болон Эрүүл мэндийн яамнаас цалинг нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа бөгөөд ирэх оноос 10–15 хувиар нэмэх шийдвэр аль хэдийн гарсан байна. Гэсэн ч салбарын төлөөлөл цалинг 3.5 сая төгрөгт хүргэх шаардлагаа үргэлжлүүлэн тавьж, суулт болон ажил хаялтаа зогсоогоогүй байна.
Яамны тооцооллоор, үндсэн цалин 15 хувиар нэмэгдэхийн зэрэгцээ ур чадвар, ажилласан жил, зэргийн нэмэгдэл зэрэг 8 төрлийн урамшууллыг тооцвол нийт нэмэгдэл 31 орчим хувь болох боломжтой гэж үзжээ.
Цалингийн өсөлтийн түүхэн хандлага
Сүүлийн таван жилд эрүүл мэндийн салбарын цалин дараах байдлаар өссөн байна.
- 2022 онд: 8–13 хувиар хоёр удаа нэмэгдсэн (107, 488 дугаар тогтоол)
- 2023 онд: 27–45 хувиар нэг удаа нэмэгдсэн (241 дүгээр тогтоол)
- 2024 онд: 6–20 хувиар хоёр удаа нэмэгдсэн (128, 238 дугаар тогтоол)
Ингэснээр 2019 онтой харьцуулахад төрийн үйлчилгээний эрүүл мэндийн (ТҮЭМ) зэрэглэл 1.7–2.0 дахин, харин төрийн үйлчилгээний (ТҮ) зэрэглэл 1.8–1.9 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Цаашдын төлөв
Салбарын зөвлөлөөс боловсруулсан татварын хөнгөлөлт, хойшлуулалтын саналыг Засгийн газрын хуралдаанд богино хугацаанд нарийн тооцоололтойгоор танилцуулахаар бэлтгэж байна. Энэ нь ажил хаялтын нөхцөл байдлыг зөөлрүүлэх, эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн баталгааг дэмжихэд чиглэж буйг албаныхан онцолжээ.
