Монгол бөх Гүржийн үндэсний бөхийн тайзан дээр амжилт гаргалаа
Гүржийн уламжлалт бөх болох Чидаоба бөхийн 2025 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр анх удаа оролцож, мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр тэмцээний туршид дараах ялалтуудыг байгуулжээ:
- 1-р тойрогт — Италийн бөхийг цэвэр ялсан,
- 2-р тойрогт — Туркменистаны бөхийг цэвэр ялсан,
- 3-р тойрогт — Латвийн бөхийг 2 онооны давуугаар ялсан,
- 4-р тойрогт — АНУ-ын бөхийг 4 оноогоор ялсан,
- 5-р тойрогт — нутаг нэгт ОУХМ Х.Цогтгэрэлийг 1 оноогоор ялсан,
- 6-р тойрогт — Узбекстаны бөхийг нэмэлт цагт ялж, финалд шалгарсан.
Алтан медалийн төлөөх барилдаанд Ө.Дүүрэнбаяр Гүржийн бөхтэй хүч үзэж, 1 онооны зөрүүтэй ялагдан дэлхийн дэд аварга болжээ.
Чидаоба — Гүржийн бахархал, дэлхийн соёлын өв
Чидаоба нь Гүржийн үндэсний бөхийн төрөл бөгөөд өнөөгийн чөлөөт болон самбо бөхийн хөгжилд гүнзгий нөлөө үзүүлсэн гэж үздэг. Энэхүү бөхийн онцлог нь тусгай бүс, өмдтэй барилддаг бөгөөд нэгнээ унагаах, тэнцвэр алдуулах мэхийг ашигладаг, харин өчих, боохыг хориглодог аж.
2018 онд Чидаобаг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвд бүртгүүлсэн байна.
31 настай Ө.Дүүрэнбаяр нь жүдо бөхийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан бөгөөд энэ удаагийн амжилт нь түүний спортын замналд шинэ хуудас нээжээ.

