Монгол Улсад эрчим хүчний салбарын түүхэнд шинэ хуудсыг нээсэн Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)-ын бүтээн байгуулалтын гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэхүү төслийн гүйцэтгэгчээр “Митайм Интернэйшнл” компани шалгарч, гэрээг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон тус компанийн Ерөнхий захирал Тиан Хао Мин нар үзэглэв.
Эрчим хүчний салбарын 42 жилийн хүлээлт
Монгол Улсад хамгийн сүүлд өндөр хүчин чадлын Дулааны IV цахилгаан станц 1983 онд ашиглалтад орж байсан бөгөөд ийнхүү 42 жилийн дараа шинэ томоохон станц барих ажлыг эхлүүлж байна. Төслийн зорилго нь нийслэлийн баруун хэсгийн эрчим хүч, дулааны хангамжийг сайжруулж, өсөн нэмэгдэж буй хэрэглээг дотоодоос хангах юм.
Ёслолын үеэр хотын захирагч Х.Нямбаатар хэлэхдээ:
“Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийг 1990 оноос ярьж эхэлсэн ч олон шалтгааны улмаас хэрэгжиж чадаагүй. Эрчим хүчний хэрэглээ жил бүр 14 хувиар өсөж буй энэ үед уг төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх нь стратегийн чухал ач холбогдолтой алхам юм” хэмээн онцлов.
Тэрбээр мөн нийслэлийн эрчим хүчний ачааллыг бууруулах зорилгоор 500 тэрбум төгрөгийн бонд босгож, үүний 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад, 200 тэрбумыг авто замын шинэчлэлд зарцуулсан талаар дурдсан юм.
Төслийн гол үзүүлэлт
- Хүчин чадал: 300 МВт цахилгаан, 340 Гкал дулаан
- Байршил: Баянгол дүүргийн 20-р хороо, хуучин ДЦС-2-ийн үнсэн сангийн талбайд (26 га)
- Хугацаа: 2025–2028 он
- Нийт хөрөнгө оруулалт: 658.6 сая ам.доллар
- 80% — хувийн хэвшлийн хөрөнгө
- 20% — нийслэлийн төсвийн санхүүжилт
Тус станцыг эргэлтэд буцлах үет шаталттай (CFB) орчин үеийн технологиор барьж, жилд 2.2 тэрбум кВт.ц цахилгаан болон 4.8 сая ГДж дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм.
Байгальд ээлтэй, эдийн засагт үр ашигтай шийдэл
- Агаар мандалд хаягдах дэгдэмхий үнсийг 99.9 хувь хүртэл бууруулах шүүлтүүрийн системтэй.
- Төслийн хэрэгжилтийн үеэр 1600 гаруй түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 369 байнгын ажлын байр шинээр бий болно.
- Станц ашиглалтад орсноор эрчим хүчний импортоос хараат байдлыг бууруулж, системийн тогтвортой ажиллагааг сайжруулах ач холбогдолтой.
Ирээдүйн зорилт
Дулааны V цахилгаан станц нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж буй Монголын анхны эрчим хүчний томоохон төсөл бөгөөд энэ жишгээр цаашид дэд бүтцийн бусад төслүүдийг хэрэгжүүлэх суурь болох юм.
