Багш нар энэ сарын 16-наас эхлэн хугацаагүй ажил хаялт зарласнаас хойш долоо хоног өнгөрөөд байна. Гэсэн ч асуудал шийдэгдээгүй, нөхцөл байдал хэвээр үргэлжилж байна.
Багш нар наймдугаар сараас хойш цалинг 3.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьсан ч үр дүнд хүрээгүй. Улмаар улс орон даяар жагсаал зохион байгуулсан ч Засгийн газраас тодорхой шийдвэр гараагүй тул ажил хаялт долоо хоногийн турш үргэлжилж байна.
Засгийн газраас багш нарын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан ч багш нар энэхүү саналыг хангалтгүй гэж үзэн хүлээж аваагүй. Мөн Сангийн сайд, Боловсролын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нар багш нарын төлөөлөлтэй нэг бус удаа хэлэлцээр хийсэн ч тохиролцоонд хүрээгүй байна.
Хэлэлцээрийн санал ирүүлсэн ч хүлээж аваагүй
Өчигдөр Боловсролын яамнаас Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоонд албан бичиг илгээж, хэлэлцээр эхлүүлэх санал тавьжээ. Гэвч эвлэлийн зүгээс уг саналыг хүлээж аваагүй байна.
Өнөөдрийн байдлаар Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Төв, Эрдэнэт, Хөвсгөл, Ховд зэрэг 12 аймаг болон нийслэлийн сургуулиудын нийт 30 мянга гаруй багш ажил хаялтад оролцож байна. Хичээлийн үйл ажиллагаа тасалдсан хэвээр байгаа бөгөөд талуудын хэлэлцээрийн шинэ шат эхлэх эсэх нь тодорхойгүй байна.
