Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатар болон УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарыг зэрэг огцрууллаа. Ерөнхий сайдын асуудлыг УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн санаачилсан огцруулах бичигт үндэслэн хэлэлцэж шийдвэрлэсэн бол, УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгсөн байна.
Одоо улс орны хэмжээнд 2026 оны улсын төсвийг батлах яаралтай шаардлага үүсэж, шинэ УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг богино хугацаанд томилж, Засгийн газрыг бүрдүүлэх нөхцөл байдал үүсээд байна.
Түр орлон гүйцэтгэгчид
- УИХ-ын даргын үүргийг түр хугацаанд дэд дарга Х.Булгантуяа гүйцэтгэнэ.
- Ерөнхий сайдын үүргийг Г.Занданшатар бүрэн эрхийн хугацаа дуусах хүртэл түр хариуцна.
УИХ-ын даргыг томилох журам
Үндсэн хуулийн дагуу: “Улсын Их Хурлын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн, саналаа илээр гаргаж сонгоно.”
Түүнчлэн УИХ-ын нарийн бичгийн дарга Б.Баасандоржийн тайлбарласнаар, УИХ-д олонх суудал эзэлж буй МАН-ын бүлэг дараагийн УИХ-ын даргад нэр дэвшүүлэх бүрэн эрхтэй. Энэ асуудлыг шийдвэрлэхэд хуульд тодорхой хугацаа заагаагүй байдаг.
Ерөнхий сайдыг томилох журам
Үндсэн хуульд зааснаар: “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Улсын Их Хуралд оруулна.”
Мөн, “Ерөнхий сайдыг огцорсонд тооцсоноос хойш гуч хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргана.” Ингэснээр Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшигчийг МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал хэлэлцэж, УИХ-д санал болгоно. Харин 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилоогүй тохиолдолд Ерөнхийлөгч УИХ-ыг тараах эрхтэй.
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавих эрх нь нээлттэй хэвээр байгаа бөгөөд энэ нь улс төрийн нөхцөл байдлыг цаашид тодорхой хэмжээнд өөрчилж болзошгүй байна.

Манай улс шинэ удирдлагыг хэрхэн сонгох нь их сонирхолтой байна
Улс төрийн уур амьсгал халж байна, сонгуулийн өмнө их юм болно доо