Өсвөрийн шатарчдын ахлах насны ангиллын 2025 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд 800 гаруй шатарчин өрсөлдсөнөөс Монгол Улсаас зургаан тамирчин оролцож, олон улсын мастер Э.Энхрий хамгийн өндөр амжилт үзүүлэн зургаадугаар байр эзэллээ.
Монголын шатарчдын амжилтууд
- Хөвгүүд, 14 насны ангилал: Арена ФИДЕ мастер Б.Цолмон — 6.5 оноо, 47-р байр
- Охид, 14 насны ангилал: Кандидат мастер Н.Содгэрэлт — 7.0 оноо, 23-р байр
- Хөвгүүд, 16 насны ангилал: ФИДЕ мастер Б.Тэнүүнболд — 6.0 оноо, 51-р байр
- Охид, 16 насны ангилал: Э.Одмаа — 6.0 оноо, 39-р байр
- Хөвгүүд, 18 насны ангилал: ФИДЕ мастер Х.Өлзийхишиг — 6.5 оноо, 28-р байр
- Охид, 18 насны ангилал: Олон улсын мастер Э.Энхрий — 7.5 оноо, 6-р байр
Энэхүү тэмцээнд Сингапур, Хятад, ОХУ, Казахстаны шатарчид тус тус аваргын байр эзэлжээ.
Түүхэн амжилтууд
Монголын өсвөрийн шатарчид ДАШТ-ээс өмнө нь дараах медалийг хүртэж байв:
- 2001 онд их мастер Б.Мөнгөнтуул — хүрэл
- 2005 онд — мөнгө
- 2011 онд А.Энхтуул — хүрэл
- 2017 онд Д.Батсүрэн — алт
- 2022 онд олон улсын мастер Д.Мөнхзул — хүрэл
Монголын шатрын холбооноос мэдээлснээр Э.Энхрийгийн энэ удаагийн амжилт нь өсвөрийн шатарт манай улсын нэр хүндийг олон улсын тавцанд дахин өндөрт өргөсөн үйл явдал боллоо.