2025 оны Химийн Нобелийн шагналыг Японы эрдэмтэн Сусуму Китагава, Их Британийн Ричард Робсон, АНУ-ын Омар Яги нар хүртлээ гэж Mongolnews24.com мэдээллээ. Энэхүү шийдвэрийг Нобелийн сангийн хэвлэлийн алба 10-р сарын 8-нд зарласан юм.
Шагнал хүртэх болсон шалтгаан
Гурван эрдэмтэн “металл-органик каркас (MOF)”-ын хөгжүүлэлтэд оруулсан хувь нэмрийнхээ төлөө шагнал хүртэв. Эдгээр бүтэц нь агаараас ус гарган авах, нүүрстөрөгчийн давхар ислийг барих, хорт хий хадгалах, эсвэл химийн урвал түргэсгэх зэрэг олон талын хэрэглээтэй.
MOF нь металлын ион болон органик молекулуудыг хослуулан үүсгэдэг хөндийтэй болор бүтэц бөгөөд тухайн материалын найрлагыг өөрчлөх замаар тодорхой бодисыг шингээх, цахилгаан дамжуулах, эсвэл урвал хурдасгах зэрэг онцгой шинж чанаруудыг бий болгодог.
Энэхүү судалгааны үндсийг Ричард Робсон 1989 онд тавьсан. Тэрээр зэсийн ионуудыг тусгай молекултай холбон, олон хөндийтэй болорт бүтэц бий болгосон нь шинжлэх ухаанд шинэ чиглэл нээсэн юм. Харин Сусуму Китагава болон Омар Яги нар 1990–2000-аад онд энэхүү аргачлалыг боловсронгуй болгож, тогтвортой, уян хатан, удирдаж болох молекулын архитектур бий болгосон байна.
Өнөөдөр химичид MOF-ийн арван мянга гаруй төрөл бүтээсэн бөгөөд эдгээр нь ус цэвэршүүлэх, байгальд үлдсэн эмийн үлдэгдэл задалж устгах, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зэрэг практик хэрэглээтэй болжээ.
Өмнөх жилийн шагнал
2024 онд Химийн Нобелийн шагналыг хоёр чиглэлд хуваан олгосон. Америкийн биохимич Дэвид Бэйкер нь уураг загварчлах тооцооллын арга боловсруулсан бол Британи эрдэмтэн Демис Хассабис ба Америкийн Жон Жумпер нар уургийн бүтцийг урьдчилан таамаглах AI систем (AlphaFold) бүтээсэнээр хүндэтгэл хүртсэн.
Эдгээр нээлтүүд шинэ эмийн бүтээмжийг хурдасгах болон антибиотикт тэсвэртэй бактерийн судалгаанд асар их ач холбогдолтой гэж үзэгдсэн.
Нобелийн долоо хоног 2025
2025 оны Нобелийн долоо хоног 10-р сарын 6-нд эхэлсэн. Эхний өдөр физиологи ба анагаах ухааны шагнал АНУ болон Японы эрдэмтдэд олгогдсон бол дараагийн өдөр физикийн шагналыг Кларк, Деворе, Мартинис нар хүртсэн. 10-р сарын 10-нд уран зохиолын шагналтнууд, харин 11-нд энхтайвны шагналын эзэн тодрох юм.