“Бахрейн 2025” Азийн залуучуудын наадам энэ сарын 22-31-ний өдрүүдэд Бахрейн улсын Манама хотод зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тивийн хэмжээний тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн тамирчдыг үдэн гаргах ёслол өнөөдөр Монголын үндэсний олимпын хорооны “Бөртэ Чоно” талбайд болж өнгөрлөө.
Арга хэмжээнд Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт тэргүүтэй төрийн болон спортын байгууллагуудын төлөөлөл, холбоодын удирдлагууд, баг тамирчид оролцов.
Азийн Олимпын зөвлөлийн ивээл дор 12 жилийн дараа дахин зохион байгуулагдаж буй тус наадамд Монгол Улс 20 төрлийн спортын төрөлд 135 тамирчин оролцож, ур чадвар, хурд, авхаалж самбаагаа сорих юм.
Монголын багийн ахлагчаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал ажиллах бол, тугчаар волейболын тамирчин Цэнд-Очирын Ананд, сагсан бөмбөгийн тамирчин Батбаярын Эмүжин нар сонгогджээ.
Монголын үндэсний олимпын хороо тус наадамд оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилт, зам, байр, хоолны зардалд 100 орчим сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Мөн тамирчдыг 361 брэндийн 400 гаруй сая төгрөгийн үнэ бүхий иж бүрэн хувцсаар хангажээ.
“Бахрейн 2025” Азийн залуучуудын наадам нь тивийн ирээдүйн шилдэг тамирчдыг тодруулах чухал спортын арга хэмжээ бөгөөд Монголын залуу тамирчдын олон улсын тавцанд өөрсдийгөө харуулах томоохон боломж гэж үзэж байна.