Амралтын өдрүүдийн цахим орон зай хоёр гол сэдвээр халууцав. Нэг нь МАН-ын даргын сунгааны явц, нөгөө нь УИХ-ын гишүүний гэр бүлийн маргаан байлаа. Тухайлбал, гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэр бүл салалтын асуудал хувийн хүрээнээс хальж, олон нийтийн дунд “ёс зүйн босго”-ны тухай том маргааныг өдөөжээ.
Түүнийг насанд хүрээгүй хүүхдийг уруу татсан, гадаад орнуудад хуулийн дагуу олон жилийн хорих ял авахуйц асуудал хэмээн олон нийт дүгнэж буй бол өөрөө нөхрөөсөө “Хүчирхийлүүлээгүй гэдгийг нотлох”-ыг шаардан ил тод мэдэгдсэн нь нөхцөл байдлыг улам хурцатгав. Түүнээс гадна түүнийг УИХ-ын гишүүн болсноосоо хойш үг хэл, харилцаа, ёс зүйдээ анхаараагүй хэвээр байна гэсэн шүүмжлэл ч өрнөж байна.
Интернетийн хэлэлцүүлэг зөвхөн хувийн хэрүүлийг хязгаарлахаа больж, улс төрчийн ёс суртахууны үнэлэмжийн асуудал руу шилжлээ. Бусдын тогооны хэрүүл цахим сүлжээгээр “галзууртлаа” цацагдаж, аль аль талдаа ёс зүйн хэм хэмжээгээ алдсан нь илт байна.
Хууль зүйн талаас авч үзвэл, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо нь:
- УИХ-ын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагын асуудлыг хянах
- Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх
- Ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд хариуцлага ногдуулах зэрэг үүрэгтэй гэж заасан.
Иймд олон нийтээс өргөдөл, гомдол ирсэн тохиолдолд уг асуудлыг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хэлэлцэх боломжтой. Харин түүнээс өмнө гэр бүлийн хэрүүл цахимд тархаж, нийтлэг ёс суртахууны хэмжээг давж буй нь нийгмийн хамгийн их шүүмжлэлийг төрүүлж байна.