Disney болон 20th Century Studios Жеймс Кэмероны шинжлэх ухааны уран зөгнөлт туульсын гурав дахь анги “Аватар: Гал ба үнс” киноны трейлерийг нийтэллээ. Дэлхий даяар нээлтээ 2025 оны 12-р сарын 19-нд хийхээр товложээ.
Трейлерт Жейк Салли (Сэм Уортингтон), Нейтири (Зои Салдана) нар Оматикайя кланыхантай хамт шинэ дайсан болох Мангкван овгийнхонтой ширүүн тулалдаж буйг харуулна. Кинонд мөн салхиар амьдрагч Тлалим клан, галын хүчийг шүтэгч Мангкван клан гэсэн хоёр шинэ овог гарч ирнэ.
Хуучин дайсан, хурандаа Майлз Куоритч (Стивен Лэнг) дахин гарч ирэх бөгөөд түүнийг улаан, хар өнгөөр дүрсэлсэн нь Оматикайягийн дайсантай холбоотойг илтгэнэ. Шинэ эсрэг дүр болох Варангийг “Game of Thrones”-оор танигдсан Уна Чаплин бүтээжээ.
Жеймс Кэмероны үзэл бодол
Кэмероны хэлснээр гурав дахь ангиас эхлэн гол түүх өрнөх бөгөөд өмнөх хоёр киног тэрээр “оршил” гэж үзэж байгаа аж. Түүнчлэн Зои Салдана, Сигурни Уивер, Кейт Уинслет, Стивен Лэнг зэрэг одууд эргэн ирж, харин Мишель Ё, Уна Чаплин, Дэвид Тьюлис нар анх удаа франчайзад нэгдэж байна.
Эхний “Аватар” 2009 онд гарч, 2.9 тэрбум ам.долларын ашиг олсноор түүхэнд хамгийн их орлого олсон кино болсон. Хоёрдугаар анги “Аватар: Усны зам” 2022 онд гарч, 2.3 тэрбум ам.доллар олж, бүх цаг үеийн гурав дахь өндөр орлоготой кино болж байв.
Гурав дахь анги 2024 онд гарахаар төлөвлөгдөж байсан ч нээлт нь хойшлогдож, 2025 оны 12-р сарын 19-нд дэлхий даяар гарахаар тогтоогдсон.