Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар энэ жил 20 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2025” арга хэмжээнд оролцож, тариаланч, ногоочидтой уулзан ярилцав.
Энэхүү арга хэмжээнд 21 аймгаас ирсэн 200 гаруй тариаланч, ногоочид, мөн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ, худалдаа, нийтийн хоолны салбарын 300 гаруй төлөөлөл буюу аж ахуйн нэгж, хоршоо, байгууллагууд оролцож байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнд 9 дүгээр сарын 22-28-ны өдрүүдэд үргэлжлэх уг үзэсгэлэнгийн зорилго нь:
- Үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг сайжруулах
- Импортын барааг орлох, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх
- Бүс нутагт үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сурталчлан дэмжихэд чиглэжээ.
Уулзалтын үеэр тариаланч, ногоочид Ерөнхий сайдад хэд хэдэн санал, хүсэлтээ уламжлав. Тухайлбал, үзэсгэлэнгийн хугацааг сунгах, Төв цэнгэлдэхийн машины зогсоолын төлбөрийг чөлөөлөх, импортын ногооны нийлүүлэлтийг хязгаарлаж, үндэсний үйлдвэрлэгчдээ хамгаалан дэмжихийг хүссэн байна.
Зохион байгуулагчдын мэдээлснээр, үзэсгэлэн худалдааны эхний өдрүүдэд тариаланч, ногоочдын орлого нийтдээ 89 сая төгрөг, хөнгөн хүнсний үйлдвэрлэгчдийн борлуулалт 130 сая төгрөгт хүрч, оролцогчдын худалдаа борлуулалт амжилттай байгаа нь харагдаж байна.
Мөн үзэсгэлэнгийн хүрээнд оролцогчдоос салбар бүрийн шилдгүүдийг тодруулах шалгаруулалт явагдана. Үүнд:
- Хүнс, хоол үйлдвэрлэлийн салбараас шилдэг шинэ бүтээгдэхүүн, шилдэг органик хүнс үйлдвэрлэгч, экспортын шилдэг хүнс
- Газар тариалангийн салбараас шилдэг сум, шилдэг өрхийн тариаланч, шилдэг аж ахуйн нэгж, шилдэг жимсчин, шинэ технологи нэвтрүүлэгч зэргийг тус тус шалгаруулах ажээ.