Монголын пауэрлифтингийн тамирчин С.Минжбаатар эрхээ хасуулсан хугацаандаа тэмцээнд оролцсон зөрчил гаргасныхаа улмаас дахин гурван жилээр хоригдох шийтгэл хүлээлээ.
Олон улсын пауэрлифтингийн холбооны мэдээлснээр түүний эрхийг 2029 оны нэгдүгээр сарын 31 хүртэл хасчээ. Тэрбээр анх 2022 оны арванхоёрдугаар сард болсон тэмцээнд S4 ангиллын хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдож, 2026 оны нэгдүгээр сарын 31 хүртэл гурван жилээр эрхээ хасуулсан байсан.
Гэвч уг хугацаандаа дахин олон улсын чанартай тэмцээнд оролцсон нь илэрч, шийтгэл нь сунгагджээ. Харин холбоо энэ удаад яг аль тэмцээнд оролцсоныг нь тодорхой дурдаагүй байна.