Монгол Улсад олон улсын түвшинд анх удаа зохион байгуулагдаж буй “Технологийн 7 хоног” буюу TECHWEEK-2025 арга хэмжээ есдүгээр сарын 19–26-ны өдрүүдэд “Digital First” уриан дор эхэллээ.
Энэ долоо хоногийн турш улс орон даяар буюу 21 аймаг болон нийслэлд технологийн хөгжил, инновац, бодлого, хөрөнгө оруулалтын чиглэлээр 50 гаруй үйл ажиллагаа өрнөж байгаа нь үндэсний хэмжээний чухал хөдөлгөөний эхлэл болж байна. TECHWEEK-2025 нь ICT EXPO-2026 олон улсын арга хэмжээг зохион байгуулах урьтал болж, технологийн салбарын комюнитийг идэвхжүүлэх, оролцогчдыг нэгтгэх зорилготой.
Эхний өдрүүдийн гол үйл явдал
- Санхүүгийн технологийн компаниуд салбарынхаа шинэ шийдэл, инновацийг танилцуулав.
- ШУА-ийн эрдэмтэд нийслэлийн түгжрэлийг бууруулах ухаалаг шийдлээ хэлэлцүүлэв.
- Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia 5.0” шинэчлэгдсэн хувилбараа олон нийтэд хүргэж, төрийн үйлчилгээг шинэ түвшинд гаргалаа.
- Аймаг, орон нутгийн төлөөллүүд тулгамдсан асуудал, хөгжлийн шийдлээ хамтран ярилцаж байна.
ТЕСО ба GRAB-ийн хамтын ажиллагаа
Монголын томоохон компаниудын нэг ТЕСО Инвестмент ХХК өнөөдөр Зүүн Өмнөд Азийн GRAB компанитай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү түншлэлийн хүрээнд ТЕСО-гийн хөгжүүлж буй ТИНО супер аппликейшн GrabMaps-ийн дэд бүтэцтэй уялдан ажиллаж, дэвшилтэт байршил тогтоох системийг Монголд нутагшуулах юм. Ингэснээр газрын зураг дутмаг бүсийн хаягжуулалт, чиглэлийн нарийвчлал, үйлчилгээний хүртээмж сайжирч, такси, хүргэлт, аялал жуулчлал, цахим худалдаанд шинэ боломж нээхээр төлөвлөжээ.
TECHWEEK-2025-ийн ач холбогдол
“Decentralized” буюу төвлөрсөн бус зарчмаар зохион байгуулагдаж буй уг арга хэмжээний хөтөлбөрийг tech-week.mn сайтаас харах боломжтой. Энэ нь технологийн салбарын шинэ мэдлэг, инновац, ирээдүйн чиг хандлага, хөрөнгө оруулалтын боломж, төрийн бодлогын талаарх мэдээлэл авах чухал суваг болж байна.
Мэдээллийн технологийн үндэсний парк энэхүү шинэ жишгийг тогтоож буй нь салбарын тогтвортой хөгжил, эрх зүйн орчны боловсронгуй байдал, инновацын дэмжлэг болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.