НИТХ-ын Ээлжит бус VII хуралдаан өнөөдөр эхэлж, нийт 16 асуудлыг хэлэлцэж байна. Үүнд:
- Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
- Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, тулгамдсан асуудал
- 2026 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай
- 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай
- 800 айлын орон сууцны асуудал зэрэг багтаж байгаа юм.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин мэдээлэхдээ:
“Энэ сарын 8-ны байдлаар 24 агуулахад нийт 32,484 тонн мидлингэн шахмал түлш нөөцөлсөн. Шахмал түлшийг 400 борлуулалтын цэгээр дамжуулан иргэдэд 25 кг-ийн шуудайг 5000 төгрөгөөр худалдаалж байна. Мөн өнөөгийн байдлаар 112 мянган ширхэг алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгчийг гэр хорооллын айл өрхөд суурилуулсан. Дараагийн шатанд дахин 45 мянган төхөөрөмж авах шаардлага бий” гэв.
Виртуал картаар нүүрс авах шинэ шийдэл
Иргэд нүүрсээ авахдаа “Хотула” аппликейшнийг гар утсандаа суулгаснаар автоматаар виртуал карт үүсэж, түүндээ үндэслэн түлш авах боломжтой болж байна.
- Виртуал карт нь өрхийн бүх гишүүдэд хуваалцах боломжтой.
- Хэрэв хэрэглэгч биет картаа алдсан бол системд хаах боломжтой.
- Аппликейшнээр дамжуулан түлшний хэрэглээг хянахаас гадна борлуулалтын цэгийн байршил, ажиллах цагийн хуваарь, агуулахын нөөцийн мэдээллийг харах боломжтой.
- Мөн шинэ хэрэглэгч угаарын хий мэдрэгч суурилуулах хүсэлтийг апп-аар илгээх бөгөөд төхөөрөмжийг байрлуулсны дараа виртуал карт үүсэх юм.