Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, идэш тэжээлийн дутагдал, зэрлэг амьтад болон малын амьдрах орчны давхцал, байгалийн нөөцийн хэт ашиглалт, ой хээрийн түймэр зэргээс шалтгаалан баавгай суурин газарт үзэгдэх, мал руу дайрах тохиолдол нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагаас баавгайн тархац бүхий аймаг, сумдад дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг өгчээ.
Зөвлөмжүүд:
- Баавгай хот суурин газар, суурьшлын бүсэд орж ирсэн, ойртож ирсэн тохиолдолд орон нутгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн БОГ-ын холбогдох мэргэжилтэнд хандах;
- Аймаг, сумын ажлын хэсгийг байгуулж баавгайн тархац нутагт ойр буй малчид, иргэдийн байршил, баавгайн шилжилт хөдөлгөөний замнал, явсан газар орны зураглал тогтоох, авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах;
- Баавгай нь удаа дараагийн тохиолдлоор иргэдийн мал, эд хөрөнгөд хохирол учруулж, хүний амь насанд эрсдэл учруулах нөхцөл байдал үүссэн тохиолдолд эрсдэлд өртсөн малчин айл өрхийг тухайн бүс нутгаас холдуулан нүүлгэх, ажлын хэсгээс эргүүл хяналтыг тогтмолжуулах;
- Бүс нутгаас нүүх боломжгүй бол нэг дор төвлөрч буух;
- Айл өрхүүд орой үдшийн цагаар утаа май тавих, гал гаргах, буу тавих, цахилгаан хөрөө асаах гэх мэт;
- Машин, мотоцикль, гар утас, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах;
- Малын бэлчээр, гэрийн ойролцоох мал амьтны сэг зэмийг холдуулан устгах;
- Тухайн бүс нутагт хүүхэд, эмэгтэйчүүдийг хараа хяналтгүй малд явуулахгүй байх;
- Баавгай үзэгдэж, тохиолдож болох аялал жуулчлалын бүс нутгуудад анхааруулга бүхий самбарыг байрлуулах, хээр хоноглохгүй байх;
- Тухайн эрсдэлт бүсэд амьдарч буй иргэд малчдад яриа таниулга зөвлөмж, сэрэмжлүүлэг тараах;
Мөн хүрэн баавгай 2023 оны Засгийн газрын 260 дугаар тогтоолоор батлагдсан Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр 12,450,000 төгрөгийн үнэлгээтэй болсон тул зөвшөөрөлгүй агнасан тохиолдолд Амьтны тухай хуульд заасны дагуу 24,900,000 төгрөг төлөх заалттайг анхаарна уу.
Яаралтай тохиолдолд мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” (утас: 88001414, 88623198), “Амьтан-Асралт” ХХК (утас: 99772972) руу хандаж, мэдээлэл солилцон ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас зөвлөж байна.