2026 оны төсвийн төслийн хэлэлцүүлэгт иргэд, олон нийтийн саналыг тусгах үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас “Улс орнууд дайнтай ОХУ-аас холбоо харилцаагаа тасалж байхад Монгол Улс тус улс руу яагаад нислэг үйлдэх гэж байна вэ” гэсэн асуултад “2022 он буюу цар тахлаас өмнө Улаанбаатар-Москва-Берлиний чиглэлд нислэг үйлдэж байсан. Одоо зогссон. Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-д айлчлал хийх үед ОХУ-ын талаас хуучин нислэгийг сэргээе гэсэн асуудлыг тавьсан. Нөгөө талаас, Монгол Улс уул ус, газар нутгаар холбогдсон хоёрхон хөрштэй. Би хаашаа ч нүүхгүй. Тиймээс ямар ч цаг үед бид хөрштэйгээ эв найрамдалтай амьдрах үүрэгтэй” гэх хариултыг өгсөн юм.
Европын Холбооны хоригоос болж барууны олон улс орнууд ОХУ руу нислэгээ зогсоосноос гадна тус улсын агаарын орон зайг ашиглахаас татгалзах болсон. Үүнээс гадна Оросын агаарын орон зайг ашиглах нь даатгалын байгууллагуудад өндөр эрсдэлтэй бүс гэж үзэгдэж, зарим нислэгийг даатгахаас олон улсын компаниуд эрс татгалзах болжээ. Түүнчлэн техникийн гэмтэл, осол гарсан тохиолдолд Оросын нутаг дэвсгэрт аврах ажиллагаа явуулах, сэлбэг хангамж хийх зэрэг нь ихээхэн хүндрэлтэй болсон байна.
Хамгийн гол асуудал нь дайнтай байгаа энэ үед Оросын агаарын орон зай өндөр эрсдэлтэй гэж тооцогдох болсон бөгөөд ОХУ-тай харилцаа муудаж байгаа нөхцөлд нисэх онгоцны навигаци, холбооны системд саад учирч, хяналт алдагдах магадлал өндөр гэж зарим улс орнууд үзэж байна.
Түүнээс гадна Оросын агаарын орон зайд цэргийн ажиллагаа явагдаж болзошгүй гэх сэрэмжлэл бас бий. 2024 оны 12-р сард Оросын ПВО систем буруу таньж, улмаар Азербайжаны “Embraer 190” агаарын хөлгийг Украины дроны халдлагад хариу болгон буудахдаа, онож 67 зорчигчийн 38 нь амиа алдсан юм.
Өөрөөр хэлбэл, улс орнууд өөрсдийн иргэдийн амь нас, аюулгүй байдлыг харгалзан тус улсын агаарын орон зай руу онгоцоо оруулахаас татгалзаж байгаа энэ үед Монгол Улс сайн хөршийн дүр төрхөөр иргэдээ эрсдэл рүү түлхэх ёсгүй. Сайдын бодлогогүй илэрхийлэл нь нэг талаараа иргэдээ аюулд оруулах, нөгөө талаараа гуравдагч хөршүүдтэй харилцаагаа өргөжүүлж байгаа энэ цаг үед дайнтай улстай нислэгээ сэргээх нь оновчтой шийдэл огт биш юм.