Сүүлийн 10 жилийн хугацаанд мотоцикл, цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгсэлтэй холбоотой ослын улмаас 1000 гаруй хүн амь насаа алдсан нь нийгэмд анхаарал татсан ноцтой үзүүлэлт болоод байна.
2024 оны хагас жилийн байдлаар зам тээврийн осол, гэмтлийн нийт тохиолдол 19 мянгаас давж, зөвхөн мотоцикльтэй холбоотой 598 осол бүртгэгджээ. Эдгээрийн 44 хувийг 18-34 насны иргэд эзэлж буй нь залуусын дунд ослын эрсдэл өндөр байгааг харуулж байна.
Сүүлийн ослын жишээ: 2025 оны 7-р сарын 31-нд Хан-Уул дүүргийн 19-р хороонд бартаат замын мотоцикл урсгал сөрөн хөдөлгөөнд оролцсоны улмаас Mercedes Benz автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарч, 41 настай жолооч амь насаа алджээ.
Хууль хяналтын байгууллагын судалгаагаар:
- Мотоцикл унаж буй иргэдийн дийлэнх нь жолоодох эрхгүй
- Хамгаалах малгай өмсдөггүй
- Албан журмын даатгалгүй
- Техникийн бүрэн бүтэн байдал хангаагүй
- Улсын бүртгэлийн дугааргүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцдог аж.
Тээврийн хэрэгслийн осол нийт зам тээврийн ослын 66 хувийг, мотоциклийн осол 18 хувийг тус тус эзэлж байгаа нь ноцтой байдалд хүрч байгааг илтгэж байна. Нийслэлийн хэмжээнд осол хамгийн их бүртгэгддэг дүүргүүд нь:
- Сонгинохайрхан
- Хан-Уул
- Чингэлтэй
Статистик мэдээллээр жилд 2500 гаруй хүн мотоциклийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж байна.