Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд орон сууцны барилгуудын дундын өмчлөлийн эд хөрөнгө болох дээвэр, цонх, хаалга, сантехникийн тоноглолын бүрэн бүтэн байдлыг шалгах үзлэг явуулж, нийслэлийн зургаан дүүрэгт ачаа, хүн тээвэрлэх 42 лифтийг шинэчлэх ажил 50 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Нийтийн эзэмшлийн явган хүний зам талбайн тохижилтын хүрээнд 54.2 км урт бүхий талбай, 199,842 метр квадрат талбайд 13 төсөл хэрэгжүүлж, хоёр төсөл гэрээ баталгаажуулах шатандаа оржээ.
Нийслэлийн боловсролын салбарт барилга байгууламжийн 139 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаагаас 7 дугаар сарын байдлаар 4 сургууль, 6 цэцэрлэг, 4 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт заалны барилга, нийт 15 барилга, байгууламж ашиглалтад хүлээн авсан байна. Нийслэлийн боловсролын салбарт 2020-2024 онд 114 цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, хүүхдийн хүчин чадал 18,850-аар өссөн байна.
Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр дараах үүрэг даалгаврыг өгсөн байна.
- Өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх, сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцыг хурдасгах,
- Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах, авто замын шар тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч, анхааруулга, санамж бүхий тэмдгүүдийг 9 дүгээр сарын 1-ний дотор байршуулж, засварлаж дуусгах,
- Өвөлжилтийн үед хүндрэл гарч болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлэг, халаалтын зуух, бусад барилга байгууламжийн цахилгаан, дулаан, шугам сүлжээний засварын ажилд шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоо, судалгааг яаралтай гаргаж, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах,
- Нийтийн эзэмшлийн зам, талбайн халтиргаа, гулгааг арилгах тусгай зориулалтын бодис, элс, давсыг хангалттай нөөцөлж, стандартын дагуу агуулах, сав бэлтгэх,
- Орон сууцны барилгын хуучирч муудсан халаалтын дотор систем, гадна инженерийн шугам сүлжээний засвар, угаалга, шахалтыг гүйцэтгэж, худаг, камерын бүрэн бүтэн байдлыг шалган, сэргээн засварлаж, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах,
- Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд явган замын тохижилт, авто замын ажлуудыг эрчимжүүлж, байгууллагууд ажлын уялдаагаа хангаж, тулгамдсан асуудлыг тухай бүр шийдвэрлэн, гүйцэтгэлийн хяналтыг сайжруулахыг үүрэг болголоо.