Японы мэргэжлийн сүмогийн 74 дэх ёкозүна Хоошорюү С.Бямбасүрэн Нагоя башёгийн тав дахь өдрөөс эхлэн барилдахгүй байхаар боллоо. Тэрбээр дөрөв дэх өдөр барууны Маэгашира 2-т эрэмбэлэгдсэн Аби бөхтэй барилдаж ялагдсанаар дараалан гурван өдрийн турш “Кинбоши” буюу алтан дуулга шагналыг өрсөлдөгчдөд алдав.
Хэрэв тэрбээр зүүний Маэгашира 2-ын бөх Ооход ч мөн ялагдсан бол 1931 оны Хацү башёд 29 дэх ёкозүна Мияагияамагийн үзүүлсэн амжилтгүй цувааг давтах байсан юм. Тухайн үед Мияагияама дөрвөн өдөр дараалан ялагдаж байсан нь сүмогийн түүхэнд ховор тохиолдол болсон байдаг.
Хоошорюүгийн дасгалжуулагч, Тацүнами ояаката (Комүсүби Асахиюүтака) түүний бэртлийн талаар хэлэхдээ: “Хоошорюү башёгийн өмнө зүүн хөлийн эрхий хуруундаа гэмтэл авсан. Башёгийн үеэр эмчилгээ хийлгэсэн ч одоо дахин нөхөн сэргээх эмчилгээ шаардлагатай байна” хэмээн мэдэгдсэн байна.