Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксын тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар АНУ-ын Лос-Анжелес хотод болсон ээлжит тулаандаа АНУ-ын шилдэг боксчин Галиндог илт давуу оноогоор ялж, “WBA” холбооны Хойд Америкийн аваргын бүсийг амжилттай хамгааллаа. Ингэснээр түүний дараагийн тулаан — дэлхийн аваргын бүсийн төлөө болох нь тодорхой болсон байна.
“Би хичээж байгаад заавал дэлхийн аварга болно” хэмээн хэлж байсан түүний мөрөөдөл биелэх мөч улам ойртсоор байна.
Боксын ертөнцөд хөл тавьсан замнал
Цэндбаатарын боксоор хичээллэх хүсэл “Бээжин-2008” олимпоос эхлэлтэй. Э.Бадар-Ууган алт, П.Сэрдамба мөнгөн медаль хүртсэний дараа боксын спорт Монголд олны анхаарлыг татаж, олон хүүхэд боксоор хичээллэж эхэлснээс нэг нь Цэндбаатар байв.
Тэрбээр үеэл ах Молортоогоор хөтлүүлэн Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч Б.Энхтайванд шавь орж, зургадугаар ангиасаа улсын аваргад оролцож эхэлжээ. Б.Энхтайван багш нь түүнд боксын “А” үсгийг зааж өгсөн анхны хүн байсан гэдэг.
Амжилтаар дүүрэн залуу нас
- 2013 онд 17-хон настайдаа насанд хүрэгчдийн улсын аваргад түрүүлсэн.
- 2014 онд залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн.
- 2016 онд “Баку-2016” олимпийн эрхийн тэмцээнд мөнгөн медаль авч, Рио-2016 олимпийн эрх авсан.
- 2018 онд “Жакарта-2018” Азийн наадмаас алтан медаль хүртсэн.
- 2019 онд ДАШТ-ий хүрэл медаль,
- 2019, 2021 онд Азийн аварга болсон.
- 2020 онд Токиогийн олимпод тавдугаар байрт шалгарсан.
- 24 насандаа Монгол Улсын гавьяат тамирчин болсон.
Өдгөө мэргэжлийн боксын ертөнцөд хүч үзэж буй тэрбээр 13 дахь ялалтаа байгуулсан бөгөөд энэхүү амжилт нь дэлхийн аваргын бүсийн төлөө өрсөлдөх эрхийг түүнд олгож байна.
Олон жил тууштай хөдөлмөрлөсөн, алдаа оноогоо өөрөө туулж ирсэн түүний замнал Монголын спортын түүхэнд шинэ хуудсыг нээж, дараа үеийн залуусын үлгэр дуурайл болж байна.