Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гуравдугаар Чарльз хаан Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд хандан албан ёсны мэндчилгээ дэвшүүлжээ.
Тэрбээр мэндчилгээндээ хоёр орны харилцаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа онцлон тэмдэглэсэн байна. Мөн дэлхий нийтийн өмнө тулгарч буй уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудлуудын хүрээнд хамтдаа ажиллаж, үр дүнд хүрэх итгэл дүүрэн байгаагаа илэрхийлжээ.
Мэндчилгээнд дараах үгс багтсан байна:
“Танд болон танай ард түмэнд Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж байгаадаа баяртай байна.
Хоёр улсын бат бөх харилцаанд миний бие сэтгэл хангалуун байдаг бөгөөд найрсаг харилцаагаа улам бэхжүүлэхийн төлөө байна. Дэлхий нийтэд нүүрлэж буй уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны чиглэлээр манай хоёр улс хамтран ажиллаж, бодит үр дүнд хүрнэ гэдэгт туйлын итгэлтэй байна.
Танд болон Монголын нийт ард түмэнд сайн сайхан бүхнийг ерөөе.”