Пүрэв, 7 сар 10, 2025
HomeУлс төрТанилц: 2025 оны 7-р сарын 9-ний Засгийн газрын хуралдааны шийдвэрүүд

Танилц: 2025 оны 7-р сарын 9-ний Засгийн газрын хуралдааны шийдвэрүүд

2025 оны долоодугаар сарын 9-ний өдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн чухал шийдвэр гаргалаа. Үүнд төрийн бүтцийн шинэчлэл, авлигын эсрэг тэмцэл, төсвийн хэмнэлт, цахим шилжилт, төрийн албаны үнэлгээ зэрэг өргөн хүрээтэй асуудлууд багтжээ.

Ерөнхий сайдын Албан даалгавар гаргав

Монгол Улсын Ерөнхий сайд иргэдэд үйлчилдэг, авлигагүй, хүнд сурталгүй, чадварт суурилсан төрийг төлөвшүүлэх зорилгоор Засгийн газрын гишүүд болон бүх шатны байгууллага, орон нутгийн удирдлагуудад шуурхай хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл өгсөн албан даалгавар гаргалаа.

Албан даалгаврын гол агуулга:

  • Хууль хэрэгжүүлэлтийг сайжруулж, ажлын арга барилыг шинэчлэх
  • Хууль зөрчсөн, хүнд суртал гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох
  • Иргэдэд төрийн үйлчилгээг алагчлалгүй, шуурхай хүргэх
  • Төрийн албан хаагчдыг мэргэжлийн үнэлгээнд хамруулж, ажлын чадварт тулгуурласан систем бий болгох
  • Ёс зүйн дэд хороодыг төрийн бүх байгууллагад байгуулж, ажлын чанарыг сайжруулах

Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш зөвхөн хороо, комисс, төслийн нэгжүүдийг татан буулгаснаар 69.9 тэрбум төгрөг, нийтдээ 2.044 их наяд төгрөгийн хэмнэлтийн шийдвэрийг гаргаж ажиллаж байна.

“Digital First” бодлого хэрэгжинэ

Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд хүргэх үйлчилгээг цахимжуулах зорилгоор:

  • Цахим шилжилтийг эрчимжүүлэх
  • Хиймэл оюун ухаан, их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг нэвтрүүлэх
  • Зарим төрийн чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх
  • Мэдээллийг ил тод, нээлттэй байлгах үүргийг бүх шатанд хэрэгжүүлэх

Зөвшөөрлийн системийн шинэчлэл

Засгийн газар зөвшөөрөл, бүртгэлтэй холбоотой хүнд суртлыг багасгахын тулд дараах арга хэмжээг авна:

  • Зөвшөөрөл олгох, бүртгэх, сунгах үйл явцыг 50 хувиар бууруулах
  • Зөвшөөрлийн хариуг 14-21 хоногийн дотор өгөх, уг хугацааг хэтэрвэл зөвшөөрсөнд тооцох зарчмыг нэвтрүүлэх
  • Шалгалт, хяналтын давхардлыг арилгаж, салбарын хяналтын системийг хэрэгжүүлэх

29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгав

Төсвийн хэмнэлтийн бодлогын хүрээнд төрийн чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгаж, тэдгээрийн чиг үүргийг яам, агентлагт шилжүүллээ.

Татан буулгасан зарим хороо, зөвлөл:

  1. Үндэсний баялгийн сангийн хороо
  2. “Алсын хараа-2050” салбар дундын хороо
  3. Боомтын сэргэлтийн хороо
  4. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хороо
  5. Олимп, паралимпын шигшээ багийн бэлтгэл хариуцсан хороо
  6. Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл
  7. Эдийн засгийн хөгжлийн зөвлөл
  8. Оюуны өмчийн үндэсний зөвлөл
  9. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл
  10. Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөл зэрэг 29 хороо, зөвлөл

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоов

Экспортын нүүрсний тээвэрлэлт, логистикийн үйл ажиллагааг сайжруулах, төрийн хүнд суртлыг арилгах, компанийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргав. Бүрэн эрхт төлөөлөгчдийн багийг байгуулах бөгөөд багт холбогдох яамдын төлөөллийг оруулна.

Төрийн нарийн бичгийн даргыг ажлаас чөлөөлж, шалгуулахаар боллоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 2024 оны тайланд аудитын хяналтаар 240 сая төгрөгийн зөрчил илэрч, “хязгаарлалттай” дүгнэлт авсан тул тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч П.Алтан-Одыг албан тушаалаас нь чөлөөлж, хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэв.

Илэрсэн зөрчлүүд:

  • Батлагдаагүй зардал гаргах
  • Арилжааны банканд зөвшөөрөлгүй данс нээх
  • Санхүүжилтийн хэтрүүлэлт гаргах
  • Бараа материалыг орлогод аваагүй гэх зэрэг

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд