Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийж буй Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито өнөөдөр “Гачууртын эх үүсвэр” төсөлтэй газар дээр нь очиж танилцав.
Эзэн Хааныг УСУГ-ын дарга Ц.Төрхүү хүлээн авч угтан, төслийн хэрэгжилт болон үр өгөөжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч танилцуулсан байна.
Энэхүү төсөл нь Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн томоохон бүтээн байгуулалтын нэг бөгөөд Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг сайжруулахад онцгой хувь нэмэр оруулжээ.
Тодруулбал:
- 1997–2006 онд “Төвийн эх үүсвэрийн станцын техник тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”,
- 2004–2006 онд “Дээд эх үүсвэрийн станцын тоног төхөөрөмжийг шинэчлэх” ажил,
- 2011–2014 онд “Гачууртын эх үүсвэр”-ийг шинээр байгуулах төсөл зэрэг гурван томоохон төсөл үе шаттайгаар хэрэгжсэн.
Сүүлийн шатанд хэрэгжсэн “Гачууртын эх үүсвэр” төсөл нь нийт 30 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжиж, Баянзүрх дүүргийн 20-р хороонд байрлах шинэ усны эх үүсвэрийн байгууламжийг ашиглалтад оруулсан юм. Ингэснээр гэр хорооллын 390 мянган иргэн болон орон сууцны 43,500 гаруй хэрэглэгч цэвэр, найдвартай ундны усаар хангагдах боломж бүрдсэн.