Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн тоглогч, 3х3 Дэлхийн цомын мөнгөн медальт Нямжавын Нандинхүслэл АНУ-ын Флорида Технологийн Их Сургуулийн “Пантерс” багт албан ёсоор нэгдлээ. Тус баг нь Америкийн оюутны спортын холбооны (NCAA) хоёрдугаар дивизионд өрсөлддөг.
Олон улсын туршлагатай Монгол тамирчин багийг бэхжүүлнэ
Флорида Пантерс багийн ахлах дасгалжуулагч Эшли Рэйли-Росс шинэ тоглогчийн талаар дараах мэдэгдлийг хийжээ: “Бид Нандинхүслэлийг багтаа элсүүлж байгаадаа баяртай байна. Тэр бол талбай дээрх манлайлагч. Тэр маш өндөр IQ-тай, хамт тоглогчидтойгоо гайхалтай харилцаж чаддаг, манай багийн соёлд төгс зохицож байгаа тоглогч. Тэрээр Монголын шигшээ багийг Дэлхийн цомын мөнгөн медальд хөтөлсөн. Олон улсын тэмцээний туршлага, сагсан бөмбөгт хандах хандлага нь манай багийг талбайн дотор болоод гадна талд ч өөрчилнө гэдэгт итгэлтэй байна.”
“Пантерс” багийн амжилт
Флоридагийн технологийн их сургуулийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн баг болох “Пантерс” нь NCAA-ийн хоёрдугаар дивизионд амжилттай тоглож ирсэн. Тэд:
- 9 удаа NCAA DII тэмцээнд оролцож,
- 6 удаа Sunshine State Conference-ийн аварга болсон,
- 4 удаа тус лигийн аваргын тэмцээнийг түрүүлж,
- 1 удаа Өмнөд бүсийн аварга болж байв.
Мөн 2002 онд хоёрдугаар дивизийн топ 8 багийн нэгээр шалгарч байжээ.
Н.Нандинхүслэлийн АНУ-ын спортын карьер ийнхүү албан ёсоор эхэлж байгаа нь Монголын 3х3 сагсан бөмбөгийн хөгжилд чухал дэмжлэг болох юм.