АНУ-ын Сансар судлалын агентлаг NASA стриминг платформ Netflix-тэй хамтран ажиллахаар болж, агентлагийн сансрын хөтөлбөрүүдийг дэлхий даяар 700 сая орчим үзэгчдэд хүргэхээр боллоо.
Өнөө зунаас эхлэн Netflix дээр пуужин хөөргөх үеийн шууд дамжуулалт, сансрын нисгэгчдийн задгай огторгуйд ажиллаж буй байдал, гайхалтай шинжлэх ухааны экспедицүүдийн бичлэг, мөн Олон Улсын Сансрын Станцаас авсан бодит цагийн дэлхийн дүрслэлүүд хүртэл багтсан цогц контент хүрэх юм.
NASA-ийн + платформын ерөнхий менежер Ребекка Сирмонс: “1958 оны Агаар, сансрын тухай үндэсний хууль биднийг хүн төрөлхтний сансрын түүхийг аль болох өргөн хүрээнд түгээхийг үүрэг болгосон. Бид энэ түүхэн алхамд хүрэхдээ дижитал үеийнхэнд зориулсан шинэ сэтгэлгээтэй хамтрагчтай нэгдэж байна. Инноваци, нээлтийн шинэ эрин үеийг эхлүүлэхийн тулд бид гэрийн буйдан эсвэл гар утаснаас хүртэл хүн бүрийг урамшуулахыг зорьж байна” хэмээн онцолжээ.
NASA+ нь 2023 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд шууд дамжуулалт, баримтат кино, боловсролын контент, мөн огторгуйн үзэсгэлэнт дүрслэлүүдийг санал болгодог. Энэхүү хамтын ажиллагаа нь эксклюзив эрх бүхий гэрээ биш тул уг агуулгыг цаашид NASA-ийн өөрийн сайт болон аппликейшнээр үнэ төлбөргүй үзэх боломжтой хэвээр байна.
NASA сансар судлалыг олон нийтэд таниулах ажлаа зөвхөн стриминг платформоор хязгаарлахгүй — тэд нийгмийн сүлжээ, аудио/видео нэвтрүүлэг, амьд хэлэлцүүлэг, олон нийтийн арга хэмжээ зэрэг сувгаар дамжуулан илүү өргөн хүрээг хамрахыг зорьж байна.
Тус агентлагийн эцсийн зорилго бол хүн бүрт шинжлэх ухааны гайхамшиг, сансрын нээлтийн сэтгэл хөдлөлийг мэдрүүлж, ирээдүйн судлаач, инженерүүдийг урамшуулах юм.