Даваа, 6 сар 30, 2025
HomeОсол хэрэгСэлэнгэ аймагт ойн түймрийн гамшиг: зургаан гал үргэлжилж, үүлэнд нөлөөлөх баг замдаа...

Сэлэнгэ аймагт ойн түймрийн гамшиг: зургаан гал үргэлжилж, үүлэнд нөлөөлөх баг замдаа гарлаа

Сэлэнгэ аймагт сүүлийн өдрүүдэд ойн болон хээрийн найман голомт бүхий түймэр гарснаас хоёр нь бүрэн унтраагдаж, зургаан түймрийг унтраахаар Онцгой байдлын алба хаагчид өндөр ачаалалтай ажиллаж байна. Нөхцөл байдал хүндрэлтэй байгаа тул өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 26-нд аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, үүлэнд нөлөөлж бороо оруулах баг Улаанбаатараас гарсан байна.

Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Тужийн нарс, Алтанбулаг, Хүдэр, Ерөө, Цагааннуур сумын зургаан бүсэд галын тархалт эрчимжиж, унтраах ажиллагаанд хүндрэл учраад байна. Түймэрт нөлөөлж буй хүчин зүйлсэд салхины эрч, хөвд, унангийн их хэмжээтэй байдал багтаж байна.

Үргэлжилж буй зургаан галын байршил, нөхцөл:

  1. Алтанбулаг сум – “Доргон толгой”
    • Дуудлага хүлээн авсан: 06.22-ны 11:32
    • Голомтын байдал: хөвд, унанги ихтэй, салхи ширүүсч байгаа
  2. Цагааннуур сум – “Товхон хан” уулын ар
    • Дуудлага хүлээн авсан: 06.23-ны 16:40
    • Галын тархалт: Сэлэнгэ, Дархан-Уул, Булганы алба хаагчид хамтран унтрааж байна
  3. Ерөө сум – “Даваат”
    • Дуудлага хүлээн авсан: 06.24-ний орой
    • Олон байгууллага хамтран ажиллаж байгаа бөгөөд нөхцөл хүнд
  4. Ерөө сум – “Ялбаг асгатын-Ам”
    • Дуудлага: 06.24-ний 22:40
    • Нийслэлийн ОБГ-ын баг голомтод ажиллаж байна
  5. Ерөө сум – “Шарлан гол” (Хан-Хэнтий ТХГН)
    • Дуудлага: 06.25-ны 06:00
    • Ми-171Е нисдэг тэрэг ашиглан алба хаагчдыг хүргэж, Үндэсний аврах бригад ажиллаж байна
  6. Хүдэр сум – “Жаргалантын даваа”
    • Дуудлага: 06.25-ны 18:36
    • 21:28 цагт түймрийг цурамд оруулсан

Мөн өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд таван аймгийн есөн суманд нийт 14 түймэр үргэлжилж байна. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар нийт 639,921 га талбай өртөж, 5 байшин, 49 гэр, 5 автомашин, 7 мотоцикл, 125 малын хашаа, 6400 гаруй мал, 7980 боодол өвс, 80 шуудай тэжээл шатаж, нийт 6 тэрбум төгрөгийн хохирол учраад байна.

Гал түймрийн нөхцөл байдлыг тогтмол хянаж байна

Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Зэвсэгт хүчний ангиуд, орон нутгийн иргэд хамтран унтраах ажиллагааг үргэлжлүүлж байгаа ба үүлэнд нөлөөлөх аргаар бороо оруулж галын голомтуудыг дарж зогсоохоор ажиллаж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд